Хятаны их, бага бичгийн шинэ дурсгалыг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-09-25 17:27:41

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ. Энд хятан их бичиг болон бага бичиг хамт байгаагаараа урьд өмнө гарч илэрч байгаагүй анхны тохиолдол болж буй тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс мэдээлэв.


Тус хээрийн судалгаанд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд, Отани их сургуулийн профессор Мацүкава Такаши, Рюкокү их сургуулийн профессор Мүраока Хитоши, Осака Олон улсын их сургуулийн хүндэт профессор, Монголын ШУА-ийн гадаад гишүүн Мацүда Коичи нар оролцсон байна. 


Тус бичээс нь газрын түвшнээс дээш 200 гаруй метр өндөр, Найдаг уулын энгэрт байрлах агуйн дотор бичигдсэн бөгөөд урьдчилсан судалгаагаар агуйн долоон хэсэгт бичээс байгааг тогтоожээ. Профессор Мацүкава хятад гэмээр бичээсүүдийг нягталсан бөгөөд тэдгээр нь бүгд ханзаар бус, харин хятан бичгээр бичигдсэн байна. Иймд БНХАУ-ын Хөх хотод оршин суудаг Такэүчи профессорт бичээсийн гэрэл зургийг илгээхэд, “Бичээс нь ихэд бүдгэрсэн тул уншихад бэрх хэдий ч хятаны их бичгийн онцлог үсгүүдийг олонтаа таньж болно. Энэ нь ханз бичээс биш гэдэг нь илт” гэж мэдэгдэв. Цаашлаад онцгой зүйл болгон тэрбээр: “4 дүгээр бичээс нь хятан бага бичгээр бичигдсэн байх магадлалтай. Нэг газарт хятаны их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн тохиолдол урьд өмнө огт мэдэгдээгүй тул маш ховор “нээлт болох юм” хэмээн тэмдэглэжээ.


Бичээс илэрсэн Найдаг уул нь Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархай ба Дашинчилэн сум хоёрыг холбосон, Хөгнө уулын зүүн бэлээр урсах Бадын голын дагуух эртний замын хажууд оршдог. Ойр орчимд нь хятаны үеийн тариалангийн суурингууд, хүрлийн үеийн булш оршуулгын дурсгал, руни бичгийн дурсгал, хадны зургийн дүрслэлүүд олон тоогоор тархсан төдийгүй хожмын Түдэв гүний хүрээ, Тариач отгийн жас хэмээх хоёр хийдийн туурь ойрхон байна. Найдаг уул нь бүхэлдээ том жижиг чулууны үйрмэгээр хучигдсан бөгөөд хэд хэдэн газарт эртний хадны зураг ажиглагдана. Бичээс бүхий агуйн дээд тал нь нээлттэй нэвт бөгөөд нуранги чулууд хуримтлагдсан.


Монгол Улсын нутгаас хятан их бичгийн хэд хэдэн бичээс илэрсэн бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн сайн мэдэгдсэн нь Хэнтий аймгийн Рашаан хадны бэхэн бичээс болон Салбар хуулын сийлмэл бичээс, Эрдэнэ уулын бэхэн бичээс юм.


Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Донгойн ширээ дурсгалаас илэрсэн хятан бага бичгийн бэхэн бичээс, мөн тус сумын Адагийн голын хадны хятан их бичгийн бэхэн бичээс, түүнчлэн 2010 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд Монгол-Япон хамтарсан “Бичээс” төслийн багийнхны илрүүлсэн “Бүлээний Овооны хятан их бичгийн хөшөө бичээс” зэрэг бий. Харин Туулын ай савд Чинтолгой балгас, Харбухын балгас Улаан хэрэм, Хэрмэн дэнж балгас зэрэг хятаны үеийн цэргийн олон хот балгасын үлдэгдэл байдаг боловч 1979 онд Х.Пэрлээгийн олсон дээврийн ваар болон тоосгон дээрх хятан бичиг гэмээр дүрс тэмдгийг үл тооцвол, хятаны бичгийн нэг ч эх сурвалж илрээгүй байв. Энэ утгаараа Найдаг уулын хятан бичээс шинээр илэрсэн нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. 






Холбоотой мэдээ