Боловсролын салбарын төсвийг 2022 оныхоос 3-4 дахин нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-26 09:57:09

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос хамтран зохион байгуулж буй “Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдвээр энэ сарын 25-нд боллоо.


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Засгийн газраас 2026 оныг “Боловсролын жил” болгон зарласан. Энэ хүрээндээ ерөнхий боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги, бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилтыг дэвшүүлж, 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2026 оны төсвийн төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 593 тэрбум төгрөг буюу 1 их наяд төгрөгийг улсын төсөвт тусгасан” гэлээ.


Түүнчлэн багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлэн цалин хөлсний бүтцийг бий болгох, нэг ангид суралцах, хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалал, нийцүүлэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасан гэдгийг тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд дурдав.


Цаашид боловсролын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хувьсах зардлын тарифыг шинэчлэх хүрээнд цалин хөлсний бүтцийг үе шаттайгаар боловсронгуй болгохын зэрэгцээ боловсролын орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй, тэгш, хүртээмжтэй байхад чиглэсэн цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолж байв.

Салбарын төсвийг 2022 оныхтой харьцуулахад 3-4 дахин нэмэгдүүлсэн гэдгийг Х.Ганхуяг гишүүн тодотгосон юм


Энэ хичээлийн жилд 2441 сургууль, цэцэрлэг, боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж, 1,284.0 мянган оюутан, сурагч, хүүхдүүд суралцаж байгаа бөгөөд тус салбарт 4.8 их наяд төгрөг төсөвлөсөн аж.

 

 

Холбоотой мэдээ