Амьдрал ямар сайхан гэдгийг өгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-02 17:01:38

Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хирота Монголд хүрэлцэн ирж,  “Амьдрал ямар сайхан гээч..." номынхоо албан ёсны нээлтийг хийсэн билээ.

Тэгвэл мөн тэрээр өчигдөр Монголчуудад зориулан Тусгаар тогтнолын ордонд “Амьдрал ямар сайхан гээч..." хэмээх лекцийг үнэ төлбөргүйгээр  уншсан юм. Тэрбээр, “Миний амьдрал тэр чигээрээ сорилт байсан. Та нар хэзээ ч алдаа гаргахгүйгээр амьдармаар байна уу? Тэгвэл юу ч битгий хий, юуг ч битгий сорьж үз. Гэхдээ хэзээ ч урагшаа алхахгүй. Ийм амьдрал сайхан гэж үү? Алдаа гаргаж байж алдаанаасаа суралцаж байж амьдардаг бус уу? Тийм болохоор хүсэл мөрөөдлөө олсон бол замдаа тулгарсан саад бэрхшээл бүрийг даван гарч унасан ч дахин босох тэмүүлэлтэйгээр амьдраарай” гэв.

Сспортын сэтгүүлч, багшаар ажиллаж, давхар төрийн бус байгууллага байгуулан сайхан амьдралын төлөө зүтгэж яваа тэрбээр олон орны сая сая иргэдэд үлгэр дуурайл болсон нэгэн. Их сургуулийн оюутан байхдаа өөрийн намтар номыг гаргаж олны танил болсны дараа спортын сэтгүүлч болох мөрөөдлөө биелүүлж, олимп, тив дэлхийн аваргын олон тэмцээнийг шууд дамжуулж байжээ. Мөн дунд сургуульд анги даасан багшаар хүртэл ажиллаж байсан аж. Хөгжлийн бэрхшээлтэй гэж өөрийгөө хорьж хязгаарлалгүй бүхнийг боломжтой хэмээн эрүүл хүмүүстэй эн тэнцүү хөдөлмөрлөж яваа учраас амьдрал ямар сайхныг өгүүлэх түүний лекц уншигч, залуучуудын сонирхлыг ихээр татав.

Түүний лекцийг сонсохоор ирсэн хүмүүс танхимыг дүүргэсэн төдийгүй зарим нь шатаар суун, 2 цагийн турш зогсож үзсэн нь түүний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд