М.Тэмүүжин: Хөгжилтэй улс орнуудад трэнд болсон мэс заслуудыг амжилттай нутагшуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2022-05-13 15:43:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч М.Тэмүүжинтэй  нурууны дурангийн хагалгааны талаар ярилцлаа.


-Улсын Хоёрдугаар төв эмнэлэг улсын хэмжээний оношилгоо эмчилгээний төв болон өргөжөөд удаагүй байгаа. “Сайд нарын хоёрдугаар эмнэлэг” хэрхэн шинэчлэгдэв? 

-Улсын  Хоёрдугаар төв эмнэлэг “Сайд нарын хоёрдугаар эмнэлэг” гэдгээрээ хүмүүст танигдсан байдаг. Хуучин зөвхөн сайд дарга нарт үйлчилдэг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг байсан бол сүүлийн гурван  жилийн хугацаанд  улсын хэмжээний оношилгоо эмчилгээний төв болон өргөжиж  шинээр нэмэлт тасгуудыг байгуулаад  байна. Тухайлбал, Мэдрэлийн мэс заслын тасаг  2020 оны зургаадугаар  сард байгуулагдсан.  Манай тасаг өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад трэнд болж байгаа өвчтөнд хамгийн ээлтэй, үр дүн өндөр, эрсдэл бага  мэс заслуудыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж байна. Зүүн гурван аймаг, Дорноговь, Говьсүмбэр болон Баянзүрх, Багануур, Налайх дүүргийн ард иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг манай эмнэлэг үзүүлж байгаа. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд хавдрын оношилгоонд маш чухал ач холбогдол өгөхүйц төхөөрөмжүүдийг суурилуулан  шинэчлэгдсэн хэлбэрээр ажиллаж байна.


-Хагас жилийн хугацаанд танай тасаг  хичнээн хүнд нурууны дурангийн хагалгааг хийв ээ. Нээлттэй мэс заслыг бодвол хүндрэл бага гэдэг?

-Улсын  Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг  нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн нурууны дурангийн хагалгааг хийж байна. Энэ хугацаанд нурууны дуран болон бичил мэс заслын 100 гаруй хагалгааг амжилттай хийлээ. Дэлхийн аль ч улс оронд 100 хувь гэж ярьдаггүй. 5-8 хувийн хүндрэл эрсдэл гарч болзошгүй гэсэн тооцоолол байдаг. Нээлттэй мэс заслын үед хэдий чинээ шарх том байна, төдий чинээ халдвар орох эрсдэлтэй. Манай дурангийн хагалгааны хувьд мэс заслын дараах эдгэрэлт хурдан, нурууны өвдөлт нээлттэй хагалгаанаас харьцангуй бага байдаг давуу талтай.


-Боловсон хүчний  хувьд Улсын  хоёрдугаар төв эмнэлэг залуужсан харагдаж байна. Дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ. Таны хувьд хэр олон жил бэлтгэгдэв?

-Ер нь улсын хэмжээнд дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд маш олон жилийн сургалт, судалгааг хийж байна. Миний хувьд  2011 оноос хойш дурангийн мэс заслын чиглэлээр суралцаж,  дадлагажиж байна.


-Сүүлийн үед нурууны өвчлөлөөр өвдөгсдийн насжилт их залуужиж байгаа гэж сонслоо. Нурууны өвчин нэмэгдэх болсон шалтгаан юутай холбоотой вэ?

-Залуучууд тэр дундаа 30-аас доош насны залуус нурууны өвдөлт, нурууны эмгэгээр их өвчилж байна. Манай тасгаар үйлчлүүлэгчдийн хувьд 16-80 насны хүмүүс хагалгаа хийлгэж байна. Яг юунаас болж энэ өвчин тэргүүлэх болов гэдэгт нарийн дүгнэлт хийхэд хэцүү. Нуруугаар өвдөх, нурууны мэдрэлийн ёзоорт эмгэг нөлөө үүсэхэд халгаатай хүчин зүйлсүүд бий. Эдгээр хүчин зүйлсийг авч үзвэл өдөр тутмын амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалж байна. Багана нуруу нь хоёр том үүрэгтэй.  Нэгдүгээрт багана тулгуурын, хоёрдугаарт нугас болон мэдрэлийн ёзоорыг хамгаалах үүрэгтэй. Багана тулгуурын үүргийг амжилттай гүйцэтгэхийн тулд ирж буй ачааллыг зөв хуваарилах шаардлагатай. Түүнчлэн хөдөлгөөний дутагдалд хүмүүс их орж байна. Үүнээс улбаалаад илүүдэл жин үүсдэг. Өөрөөр хэлбэл, илүүдэл жин, архи тамхи, стресс, тодорхой хэмжээний гэмтлүүдээс шалтгаалан нурууны өвдөлтүүд үүсдэг.  Нурууны бүтцүүдэд  ирж буй хэт ачаалал нь нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвч, үе холбоосуудыг хугацаанаас нь өмнө элэгдэх нөхцлийг бүрдүүлдэг.


-Нурууны өвчнийг тоохгүй явснаасаа болж залуус хүндрүүлээд байх шиг харагддаг. Энэ тухайд?

-Нурууны өвчний шинж тэмдэг ерөнхийдөө бүдэг яваад байдаг. Нуруугаар өвдөх зовиур илэрлээ гэхэд хүмүүс тэр болгон эмнэлэгт хандахгүй орхидог. Удаан хугацаанд нуруугаа өвдүүлээд хүндрүүлэх тохиолдол их бий. Сүүлийн үед залуус мэдрэлийн ёзоорт дарагдал үүссэнээ мэдэхгүй явсаар хүндрүүлээд байгаа. Нуруу тулгуур эрхтэн учраас аль болох цаг алдалгүй эмчид хандах ёстой. 


-Дурангийн мэс засал нээлттэй хагалгааг бодвол  зовиур бага, эдгэрэлт түргэн, эмнэлэгт хэвтэх хугацаа бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх давуу талтай гэдэг. Өөр ямар давуу талтай  вэ?

-Дурангийн хагалгааны хувьд мэс заслаас шалтгаалсан эдийн гэмтэл маш бага гэдгээрээ онцлогтой. Бүх хүмүүст зохимжтой, эдгэрэлт хурдан. Нөхөн сэргээх хугацаа маш богино. Мэс заслаас үүдэлтэй хүндрэл харьцангуй бага. Үр дүнгийн хувьд нээлттэй мэс засалтай дүйцэхүйц хэмжээний гэдгээрээ онцлогтой.


-Технологи шингэсэн энэ хагалгааны гол амин судас нь юу вэ?

-Сүүлийн үед дэлхийн олон орнуудад дурангийн мэс засал амжилттай нэвтэрч хийгдэж байна. Энэ хэрээрээ хөгжүүлэлт нь ч  амжилттай явж байгаа.  Дурангийн мэс засал нь 1990-ээд онд  суурь нь тавигдсан. “Unilateral Biportal Endoscopic surgery” UBE хагалгаа нь Хятад,  БНСУ, Япон, Америк, Европт түлхүү  нэвтэрсэн. Манай улсад 2010 оноос хойш энэ чиглэлийн хагалгаа  хөгжиж байна. Технологи шингэсэн энэхүү хагалгааны амжилттай болох гол хүчин зүйл нь дурангийн тоног төхөөрөмж нь маш сайн байх ёстой.


-Дурангийн хагалгаа хийлгэж буй хүмүүс эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломжтой юу?

-Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилж байгаа. Дурангийн хагалгааны нийт төлбөрийн 70 хувийг эрүүл мэндийн даатгалаас төлдөг.


-Коронавирусээс үүдэлтэй нурууны өвчлөл нэмэгдлээ гэсэн мэдээлэл бий. Мэргэжлийн хүний хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?

-Нурууны эмгэг гэдэг бол маш том салбар нугасны сувгийн нарийсал нугалам хоорондын  мөгөөрсийн жийргэвчүүд байдаг. Дан ганц элэгдлээс шалтгаалахгүй хавдарууд, үрэвсэл байж болно. Мөн дээрээс нь гэмтлүүд байж болно. Тэр үүсгэж буй өвөрмөц шалтгаанууд нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж  байгаатай холбоотой нурууны ясны сүрьеэгээр өвчлөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Зам тээвэр, хотжилт, өвөл, зуны улирал, хальтиргаа гулгаа, аялал зугаалгатай холбоотой осол аваар нурууны гэмтлийг ихэсгэж байна. Амьдралын хэв маягаас шалтгаалсан нурууны элэгдэл шалтгаантай эмгэгүүд нэмэгдээд байгаа. Элэгдлийг яг үүнээс шалтгаалж байна гэх боломжгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирус  дэлхий нийтэд нэлээн асуудал үүсгэлээ. 

Коронавирусний дараа тодорхой хэмжээнд хүмүүсийн мэдрэлийн ёзоорын өвдөлтүүд  тохиолдож байгаа. Мэдрэлийн ёзоорыг дараад байгаа юм шиг шинж тэмдэг өгч байгаа мэт боловч МRI-д үзэхээр дарагдаж байгаа зүйл ажиглагдахгүй. Тэгсэн мөртлөө мэдрэлийн ёзоорыг өвтгөх шинж тэмдгүүд байгаа. Коронавирусний онцлогоос хамаараад захын мэдрэл рүү  тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлж байна гэж хэлж болно. Гэхдээ үүнд хийсэн нарийн тодорхой судалгаа байхгүй.

-Гадныхан танай тасгийн дурангийн хагалгааны талаар туршлага судлах сонирхолтой байгаа гэж дууллаа. Тэгэхээр олон улсад аль хэдийнээ танигдаж эхэлсэн гэсэн үг үү?

-Шинэ зүйлийг нэвтрүүлэхийн тулд гадны улс орнуудаас суралцаж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байна. Ковидын нөхцөл байдлын үед бид онлайнаар гадны профессоруудтай холбогдож байлаа. Хагалгааны үеийн туршлагаа солилцохоос эхлээд бүхий л хувилбарт гадны улс орнуудтай хамтарч байна. Гарч байгаа хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдэж байгаа дээр улс орнуудын эмч нар саналаа хуваалцаж бид хүндрэлийг ингэж шийдсэн гэсэн туршлагаа солилцдог. Монголыг тойрсон  улс орнуудаас манайд ирж дурангийн хагалгааны талаар туршлага судалъя гэсэн саналууд ирж байгаа. Манай хамт олон илүү туршлагажиж хөгжихийн төлөө ажиллаж байна.


-Танай тасгийнхан долоо хоногт хэчнээн хагалгаа хийж байна вэ?

-Дунджаар 10-12 хагалгаа хийж байна.


 -Хагалгаанд орсон  хүмүүс юунд илүү их анхаарах ёстой байдаг вэ?

-Ойрын болон алсын хүндрэлүүд гэж бий. Тиймээс хагалгаа хийлгэсэн хүмүүс өөртөө нурууны өвчний талаарх мэдлэг, дадлыг суулгах ёстой. Бид хагалгаанд орсон хүмүүстээ тухайлан юун дээр анхаарах вэ гэдгийг хэлж өгдөг. Мэс засал гэдэг нь нэг талаасаа хүний эд эрхтнийг сольж шинэчилж байна гэсэн үг шүү дээ. Машины дугуй хагарлаа гэхэд  дугуйг нь нөхдөг. Үүнтэй адил. Мэс засал хийлгээд цаашид тухайн хүнд анхаарах зүйлс бий. Тухайн хүн зөв мэдлэг авснаар эрсдэл хүндрэлээс зайлсхийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүнд зүйл өргөхгүй, хэсэг хугацаанд машин барихгүй байх, дасгал хөдөлгөөнийг зохистой хийх, даарч хөрөхгүй байх, ачаалал өгөхгүй бай гэх мэтээр хүмүүст тодорхой хэлж өгдөг. Зөвлөгөөг дагахгүйгээс болж  хүндрэл үүсэх тал  бий.


-Эцэст нь асуухад, нуруу нугасны өвчнөөс хэрхэн  урьдчилан сэргийлэх вэ?

-Юуны түрүүнд тэргүүлэх шалтгааныг тодруулах шаардлагатай байна. Олон хүчин зүйлсийн нэгдэл буюу удамшил, биеийн илүүдэл жин, булчингийн үйл ажиллагааны алдагдал үүнд нөлөөлдөг. Бага нуруу гэдэг бол ачааллаа даахын тулд зайлшгүй  эргэн тойрон дахь  булчингийн тогтолцооны зөв ажиллагааг шаарддаг. Булчингийн тогтолцооны зөв ажиллагааг алдагдуулж байгаа болон халгаатай хүчин зүйлүүдийн давс хужрыг нь тааруулах ёстой. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөрийн нөхцөл байдал, эрүүл амьдрах, тамхи, стрессээс ангид байх гээд амьдралынхаа хэв маягийг  зөв болгох хэрэгтэй. Ялангуяа залуус хорт зуршлаас хол байх нь чухал.  Өөртөө тохирсон биеийн жин, хөдөлгөөнтэй байх ёстой. Ажил, амралт, хоол тэжээлээ зохицуулж гэмтлээс сэргийлэх нь чухал гэж зөвлөж байна.

Ярилцсан Б.Ариунзаяа

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ