Нэг килограмм хуванцар хаягдлыг 500 төгрөгөөр худалдан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-16 10:49:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар дахь “Ти Эм Эл” үйлдвэр нэг килограмм хуванцар хаягдлыг 500 төгрөгөөр худалдан авч хүний хэрэглээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай улсад жилдээ 3 сая тонн хог хаягдал гардгийн 20 хувь нь хуванцар хог хаягдал байдаг аж.


Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг олон улс "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэж иржээ. Уг өдрийг тохиолдуулан Олон улсын хэрэглэгчдийн байгууллагаас зарласан Хуванцар хог хаягдлын эсрэг өнгөрсөн онд Монголын хэрэглэгчдийн байгууллага, түүнтэй хамтран ажилладаг ТББ, иргэний нийгэмлэг ажлаа танилцуулсан юм.




Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны тэргүүн, хуульч Ц.Оюунбаатар, “Монголд хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэр барих талаар гурван жил хөөцөлдсөний эцэст өнгөрсөн оны долоодугаар сард Италийн хог дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэрийг арилжааны зээлээр барьж чадлаа. Уг үйлдвэр маань жилд 20-50 мянган тонн хуванцар савыг боловсруулах хүчин чадалтай. Иймд иргэд та бүхнийг хуванцар саваа дахин боловсруулах үйлдвэрт авчирч байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалж байна” гэлээ.


Тус  холбооноос “Өрх бүрд ногоон хүлэмж эрүүл хүнс ногоон хувьсгал” гэх уриалгыг дэвшүүлж байгаа аж. Сүүлийн хоёр жил үндэсний үйлдвэрлэлийн хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах зорилтыг дэмжих бодлогын хүрээнд “Өрх бүр үйлдвэрлэгч байж, хүлэмжийн аж ахуй эрхлэх төсөл”-ийг санаачлан идэвхжүүлжээ.  Тус төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.


Мөн Монголын хэрэглэгчдийн байгууллага нь 2025 хүртэл

  • Хуванцар хог хаягдалгүй Монголын төлөө
  • Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлсэн аюулгүй хүнстэй Монголын төлөө
  • Хүнд суртал авлигыг халсан, шударга ёсыг тогтоох Монголын төлөө,
  • Татвар, төсвийн зарцуулалтад ард түмний хяналттай Монголын төлөө гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Харин УИХ, Засгийн газар хуванцар хог хаягдлын эсрэг тодорхой хууль тогтоомж дүрэм журмыг гаргах ёстой гэдгийг тус холбооноос онцолж байв.

Холбоотой мэдээ