Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-26 15:41:30

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг 2016 оны 7 дугар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын баярын цахилгаан утас гардуулж, мөн өөрийн зүгээс баяр хүргэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар, мөн энэ жил тохиож буй Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцов. Түүнчлэн манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 20 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах хугацааг ойрын үед тохирч, бэлтгэл ажлыг хангах нь чухал гэж үзэв.

Холбоотой мэдээ