"Хясаа" уран зургийг 27 жилийн дараа дахин сэргээн бүтээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-09 10:53:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр нийгмийн зааг дээрх шилжилтийн үеийн Монголын дүрслэх урлагийн түүхийг гэрчлэх үнэт бүтээл “ХЯСАА” уран зургийг 27 жилийн дараа дахин сэргээн бүтээлээ.


Монголын уран зургийн галерей “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” төслийг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд, сэргээн засварлах боломжгүй, галд гэмтсэн бүтээлийг уран бүтээлчээр нь дахин бүтээлгэж буй юм.


МУЭ-ийн шагналт зураач Ж.Мөнхцэцэгийн 1994 онд бүтээсэн “ХЯСАА” уран зураг 2009 оны галд харамсалтайгаар өртөн  үзэгч түмэндээ хүрэх боломжгүй болоод байжээ.


Дахин сэргээн зурсан уг бүтээлийг Уран зургийн галерейд залах ёслолын үеэр Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа хэлэхдээ, “Энэхүү бүтээлд дүрслэгдсэн “хясаа” нь байгаль эхийн бүтээсэн энгийн л нэг биет хэдий ч өөрийн гэсэн туулах амьдрал, өгүүлэх түүхтэй. Хүрээлэн буй орчин, дасан зохицох чадвараасаа хамаарч хавтасныхаа хэлбэрийг бүтээж, дотроо орсон элс, чулууг сувд болгон хувиргадаг гайхалтай чадвартай. Амьдрах орчин нь хатуу ширүүн байх тусам хясаа дотоод зөөлөн эдээ хамгаалах үүднээс хавтсаа улам бат бөх болгодог. Эмэгтэй хүний уян зөөлөн чанар, үзэж туулсан амьдралыг хясааны үе давхаргаар төлөөлүүлэн дүрсэлснээрээ гайхалтай онцлог бүтээл юм. Энэ бүтээлийг "дахин төрүүлж" дахин ард түмний хүртээл болгож буйдаа тун баяртай байна” хэмээн онцлов.



МУЭ-ийн шагналт зураач Ж.Мөнхцэцэг, “Энэ бүтээлээ дахин хуулбарлаад сууж байхдаа миний бүтээлүүдийн суурь болсон чухал бүтээл гэдгийг ойлгосон. Дахин энэ бүтээлээ хийж байхдаа анхны тэр л мэдрэмжийг эргүүлэн авсан. Хурдан хугацаанд хийх байх гэж бодож байсан ч тийм байсангүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Хэдийгээр тухайн бүтээлийн анхны хувилбар, түүний элээсэн цаг хугацааг юу ч нөхөхгүй боловч “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” төслийн ачаар дүрслэх урлагт хайртай, сонирхогч түмний мэлмийг баясгах, Монголын дүрслэх урлагийн түүхийг гэрчлэх бүтээлүүдийг дахин "амилуулах" боломжтой болсон юм.


Төслийн хэрэгжилтийн хүрээнд “Хясаа” бүтээл энэ сарын 7-ноос ирэх сарын 7-ныг дуустал Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх юм.


Ташрамд дурдахад уг төслийн хүрээнд хамгийн анхны сэргээн бүтээгдсэн бүтээл бол Ардын зураач Г.Дунбүрээгийн “Монгол Транс” юм. 

Холбоотой мэдээ