Жороо морьдын уралдаанд Сүхбаатар сумын н.Энхтөрийн хүрэн халзан түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-17 03:05:48

Хоёр дахь өдрөө үргэлжилсэн Сэлэнгэ аймгийн баяр наадмын хамгийн үзүүштэй нэгэн үзүүлбэр бол жороо морьдын уралдаан байв.

Тэгш сайхан суудал, жороо сайхан явдлаараа наадамчин олноо баясгасан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын н.Энхтөрийн хүрэн халзан түрүүлж, Алтанбулаг сумын Мөнхнасангийн бор, Зүүнбүрэн сумын Жаргалтулгын хар морьд жороо морьдын уралдаанд өнгөллөө.

Мөн наадмын Азарга насны морьдын уралдаанд тэргүүн магнайд Сүхбаатар сумын Ё.Батзулын хул, аман хүзүүнд Баянгол сумын О.Булгантамирын цоохор, айргийн тавд Баруунбүрэн сумын А.Бямбаахүүгийн цавьдар, Баянгол сумын Ч.Хишигжаргалын хүрэн халзан, Алтанбулаг сумын П.Баярцэнгэлийн хул тус тус хурдаллаа. Их насны уралдаанд Сүхбаатар сумын Н.Нямдоржийн зээрд түрүүлж, аман хүзүүнд Баруунбүрэн сумын Ц.Даваадоржийн хээр, аймгийн тавд Баруунбүрэн сумын Отгоны хар, Мандал сумын Н.Пүрэвдоржийн хар, Сүхбаатар сумын Г.Бямбаагийн шарга, Соёолонд түрүү магнайг Сүхбаатар сумын Н.Нацагдоржийн зээрд, аман хүзүүнд Сүхбаатар сумын Ш.Оргилын шар халтар шалгарч, Зүүнбүрэн сумын Д.Эрдэнэхүүгийн хүрэн, Хүдэр сумын Моломцамцын хонгор халтар, Сүхбаатар сумын Ё.Батзулын хул айрагдлаа. Хазаалан морьдын уралдааны түрүү магнайд Сүхбаатар сумын Ё.Батзулын хүрэн, аман хүзүүнд Төв аймгийн Цээл сумын Л.Тулгын халтар, айрагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ц.Амартүвшингийн хонгор, Сүхбаатар сумын Ш.Оргилын хүрэн, Баянгол сумын Ү.Нямын сартай хүрэн давхилаа. Шүдлэн морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Б.Золзаяагийн хар түрүүлж, Баянгол сумын Н.Эрдэнэцогтын хүрэн аман хүзүүдлээ. Аймгийн тавд Сүхбаатар сумын Г.Баярцэнгэлийн бор, Зүүнбүрэн сумын Б.Хүрэлбаатарын хул, Дархан-Уул аймгийн Орхон сумын Б.Жавхланбаярын шарга, Дааганы уралдаанд Төв аймгийн Борнуурын Г.Баасанбатын зээрд түрүүлж, аман хүзүүнд мөн Төв аймгийн Борнуурын Г.Баасанбатын халтар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Н.Бямбын хээр, Сүхбаатар сумын Б.Алтангэрэлийн хонгор, Сүхбаатар сумын Э.Буянтогтохын сартай халтар тус тус айрагдлаа. Эрлийз дээд насны морьдын уралдаанд тэргүүн магнайг Сүхбаатар сумын уяач Ганбаатарын хээр халзан, амар хүзүүнд Төв аймгийн Сүмбэр сумын уяач Тамирын хул, Сайхан сумын Пүрэвдоржийн хүрэн халзан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тэгшбаярын шарга, Зүүнбүрэн сумын Энхболдын хул, эрлийз бага нас түрүүн магнайд Баруунбүрэн сумын Б.Мөнхтөрийн хээр, Баруунбүрэн сумын Отгонбаярын хар,  Сайхан сумын Пүрэвдоржийн хонгор, Сүхбаатар сумын Баярцэнгэлийн хүрэн халзан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тэгшбаярын хул, эрлийз дунд насанд Зүүнбүрэн сумын Сүхбаатарын сартай хүрэн түрүүлж, Дархан-Уул аймгийн Жавхланбаярын хул аман хүзүүдэж, Ховд аймгийн Нэргүйн хээр, Сүхбаатар сумын Ш.Оргилын шарга, Дархан-уул аймгийн Цэнд-Очирын бор тус тус хурдалж наадамчин олноо баярлууллаа.

Наадамчин түмний хайрыг татсан бас нэгэн үзүүлбэр бол баян ходоодны даага байдаг билээ. Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнайгаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Наранхүүгийн халиун даага тодорч, баян ходоодын цолоо дуудууллаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг  

Холбоотой мэдээ