ОХУ улаан буудайн экспортынхоо татварыг буурууллаа

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-01 13:52:35

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ 10 дугаар сарын 1-нээс эхлэн улаан буудайн экспортынхоо татварыг бууруулахаар болжээ. Тус улсын Засгийн газрын тогтоолоор, улаан буудайнд ногдуулах экспортын шинэ татварыг дараах байдлаар тооцно. Энэ нь гаалийн үнийн 50 хувь, хасах нь тонн тутамд 6500 рубль гэж тооцох бөгөөд тонн тутамд 10 рублиэс хэтрүүлэхгүй  аж.

“Шинэ журам нь өмнөхөөсөө сайн боловч тийм ч оновчтой биш. Татвар зах зээлд сайнаар нөлөөлж чадахгүй болов уу” гэж Оросын үр тарианы холбооны тэргүүн Аркадий Злочевский үзэж байна.

Улаан буудайн экспортын татвар бодох журмыг өөрчлөх саналыг Оросын Хөдөө аж ахуйн яам /ХААЯ/ Засгийн газартаа тавьжээ. Оросууд гаалийн үнийн 50 хувь, хасах нь тонн тутамд 5500 рублиэр тооцож, тонн тутамд 50 рублиэс хэтрүүлэхгүй  байх татварын журмыг энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөж байсан байна.

ОХУ-ын ХААЯ-ны мэдээлснээр, есдүгээр сарын 18-ны байдлаар тус 6.008 сая тонн улаан буудай экспортолсон нь өмнөх оныхоос 30.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Орос энэ жил 103 сая хүртэл тонн ургац хураана гэж тус улсын ХААЯ таамаглаж байна. Тус яам мөн 25-30 сая тонн үр тариа экспортлох боломжтой гэж тооцоолж байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд