Японы хүн амын 40 хувь нь вакцины хоёр тунд удахгүй хамрагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-23 17:38:48

ТОКИО. /NHK/. Япон улс хүн амынхаа 40 гаруй хувийг коронавирусний эсрэг вакцины хоёр тунд энэ сарын сүүлч гэхэд хамруулах төлөвтэй байна гэж тус улсын Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Като Кацүнобү мэдэгджээ.


Улсын хэмжээнд өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 110 сая гаруй тун вакцин тарьсан гэдгийг К.Кацүнобү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ онцолжээ.


Түүний мэдээлснээр, Японы нийт хүн амын тал орчим хувь нь вакцины эхний тунд, 39.7 хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан байна.


Вакцинууд “Дельта” хувилбараар халдварласан хүмүүсийг хүнд хэлбэрээр өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүнтэй болохыг мэргэжилтнүүд онцолж буйг тэрбээр нэмж хэлжээ. 


Мөн Засгийн газар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, вакцин хийлгэхийг хүссэн хүн бүхэн 10-11 дүгээр сарын хооронд вакцинжуулалтад бүрэн хамрагдах боломжтой болно гэдгийг онцолсон байна.


К.Кацүнобү дэлхийн зарим улс оронд хүн амын 60 орчим хувь нь вакцинд хамрагдсан үзүүлэлттэй байгаа хэдий ч залуучуудын дунд энэ үзүүлэлт сул байгааг цохон тэмдэглэжээ.


Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар залуусыг вакцинжуулалтад идэвхтэй хамруулахын тулд “Youtube” платформд контент байршуулдаг хүмүүс гэх мэт залуучуудад нөлөө үзүүлж чадах бусад хүмүүстэй хамтран ажиллахаар болжээ.

Холбоотой мэдээ