Аэромонголиа компанийн саатсан зорчигчдыг зочид буудалд түр байрлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аэромонголиа компанийн А319 агаарын хөлөг энэ сарын 19-нд
ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж түлшээр сумлах явцад гэмтэл учирсан бөгөөд уг
гэмтлийн улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан Аэромонголиа компанийн А319 агаарын хөлөг ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж түлшээр сумлах явцад агаарын хөлгийн зүүн хойд талыг тус нисэх буудлын өөрөө явагч шат мөргөж гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Тус агаарын хөлөгт нийт 131 зорчигч зорчиж явсан бөгөөд
Москва дахь Монгол Улсын ЭСЯ, Эрхүү хот дахь Монгол Улсын ЕКГ болон
Аэромонголиа компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтарч ажилласны
дүнд зорчигчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулаад байна.
Зорчигчдыг Анталья хот хүртэл үргэлжлүүлэн шуурхай тээвэрлэх
зорилгоор Аэромонголиа компани МИАТ компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд Турк Улсын талаас нислэгийн зөвшөөрөл өгмөгц МИАТ компанийн агаарын хөлгөөр
зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн тээвэрлэхээр төлөвлөж байна.