“Алтан бөмбөрцөг” наадмыг шууд дамжуулахаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-11 12:02:38

НЬЮ-ЙОРК. /BBC/. “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг 1996 оноос хойш жил бүр уламжлал болгон шууд дамжуулан үзүүлдэг Америкийн “NBC” телевиз ирэх онд ёслолыг дамжуулахаас татгалзжээ.


Наадмын шүүгчид нийгмийн олон янз байдлыг тусгадаггүйн улмаас ийнхүү Холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбоог /HFPA/ үл тоомсорлохоор болжээ. Өмнө нь “WarnerMedia”, “Netflix”, “Amazon Studios” Холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбооны аливаа арга хэмжээнд оролцохоос татгалзсан байна.


“Алтан бөмбөрцөг” нь цар хүрээнийхээ хувьд Оскарын дараа ордог томоохон шагнал билээ. Тус шагналд шилдгийг тодруулдаг Холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбооны гишүүд сүүлийн саруудад ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. “Los Angeles Times” сонины 2 дугаар сарын нийтлэлд дурдсанаар, гишүүдийн бүрэлдэхүүнд 20 жилийн хугацаанд нэг ч өнгөт арьстан иргэн байгаагүй аж.


“Холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбоо томоохон өөрчлөлт хийхэд нухацтай хандана гэж бид найдаж байна. Ийм өөрчлөлт нэлээд хугацаа, хүчин чармайлт шаардах хэдий ч зөв зүйл хийхэд хугацаа хэрэгтэй гэж бид үзэж байна. Зорилтоо хэрэгжүүлбэл бид 2023 онд ёслолыг дамжуулна гэж найдаж байна” хэмээн “NBC” телевизийн мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ