"Ю.А. Гагарин" сансрын хөлөг Байконураас хөөрлөө

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-04-09 16:13:42

БАЙКОНУР (Казахстан). /TASS/. ОХУ-ын сансрын жолоодлогот хөлөг "Ю.А. Гагарин"-ыг ("Союз МС-18) "Союз-2.1а" зөөгч пуужингаар “Байконур” сансрын буудлаас хөөргөлөө.  


Сансрын хөлгийг “Байконур” сансрын буудлын 31 дүгээр талбайгаас 10 цаг 42 минутад хөөргөсөн байна. Уг хөлгөөр Олон улсын сансрын станц руу /ОССУ/ Роскосмосын сансрын нисэгч Олег Новицкий, Петр Дубров, мөн NASA агентлагийн сансрын нисэгч Марк Ванде Хай нар нисжээ.


Ойролцоогоор есөн минутын дараа хөлөг тойрог замд оржээ. ОУСС-ийн “Рассвет” модультай өнөөдөр Москвагийн цагаар 14:07 цагт залгагдана.


Сансрын хөлгийг хөөргөх үйл ажиллагааг Роскосмосын ерөнхий захирал Дмитрий Рогозин, Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Тооцооны танхимын тэргүүн Алексей Кудрин, Европын сансрын агентлагийн ОХУ дахь төлөөлөгчийн газрын дарга Рене Пишель, ТАСС агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов болон бусад хүн ажиглажээ.


Энэхүү хөлгийг Юрий Алексеевич Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойн өмнөхөн хөөргөж буй юм. Ю.А.Гагарин 1961 оны  дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ.


Холбоотой мэдээ