“OECD” дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилан таамаглалаа өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-03-10 17:53:44

ПАРИС. /Anadolu/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны урьдчилсан таамаглалаа өсгөжээ.


OECD”-гийн мягмар гарагт танилцуулсан хэтийн төлөвийн тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засаг энэ онд 5.6 хувиар өсөх ажээ. Энэ нь өнгөрсөн 12 дугаар сарын урьдчилсан таамаглалаас 1.4 хувиар өссөн үзүүлэлт юм.


Улс орнууд коронавирусний вакцинжуулалтыг эхлүүлсэн нь дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг сайжруулахад хувь нэмрээ оруулсан бөгөөд вакцин үйлдвэрлэх, түгээх үйл явцыг түргэвчилж, халдварыг хяналтад авах арга хэмжээг илүү хурдан сулруулвал одоогийн таамаглал дахин өсөх боломжтойг тайланд онцолжээ.


OECD”-гийн таамаглаж буйгаар, дэлхийн үйлдвэрлэлийн гарц 2021 оны дунд үе гэхэд цар тахлын өмнөх түвшинд хүрэх ажээ. Мөн АНУ-ын эдийн засгийг 2021 онд 6.5 хувь, БНХАУ-ын эдийн засгийг 7.8 хувь, Японы эдийн засгийг 2.7 хувь, БНСУ-ын эдийн засгийг 3.3 хувь, Австралийн эдийн засгийг 4.5 хувиар тус тус өснө гэж таамагласан байна. 

Холбоотой мэдээ