Брент төрлийн газрын тосны үнэ өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 23 /Bloomberg/. “Brent” маркийн газрын тосны үнэ 5.7 хувиар нэмэгдэж, нэг баррель нь 81.4 ам.долларт хүрснээр сүүлийн гурван долоо хоногийн турш тасралтгүй өслөө.
Үнэ ийнхүү өсөх болсон гол шалтгаан нь Ираны цөмийн байгууламжуудад АНУ цохилт өгсний дараа газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотой гэж Bloomberg мэдээлжээ.
Зургаадугаар сарын 22-нд шилжих шөнө Ираны цөмийн гурван гол байгууламжид цохилт өгч, тэдгээрийг бүрэн устгасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Үүний хариуд Иранаас Израил руу хэдэн арван пуужин харважээ. АНУ-ын цохилтын бай нь Фордо, Натанз, Исфахан хотууд дахь цөмийн байгууламжууд байсан нь дэлхийн эрчим хүчний зах зээл дэх тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэж байна.