Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-01 12:41:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр “Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах”, “Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны хоёр төслийн баримт, бичигт гарын үсэг зурав.


Төслийн хүрээнд, 2020 оны зун хур тунадас бага унаж, зуншлага тааруу байсан аймгуудад шаардлагатай өвс тэжээл бэлтгэх, зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.


“Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлснээр, ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформ бий болгох ач холбогдолтой юм.


Мөн ХХААХҮЯ-наас санаачлан “Хөдөө аж ахуйн салбарын зохицуулалтын нэгдсэн платформ”-ыг НҮБ-ын ХХААБ, АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.


Ингэснээр олон улсын хөгжлийн түнш байгууллагаас Монгол Улсын ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлж байгаа мега төсөл, техник туслалцааны төслийн уялдааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах механизм бий болж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

 

Холбоотой мэдээ