Нийслэлийн хөдөлгөөнийг хатуу цагийн хуваарьт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-17 22:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргаашаас төрийн бүх шатны байгууллага нийт ажиллах хүчний 10-15 хувийг ажиллуулах, нийтийн тээврийн хатуу зохицуулалт хийж байгааг УОК-ын шуурхай ажлын хэсгээс мэдээллээ.



Өглөө 6.00-10.00, үдээс хойш 17.00-21.00 цагийн хооронд нийтийн тээврээр үйлчлүүлж байсныг нэг цагаар богиносгож, өглөөний 7.00-10.00, үдшийн 17.00-20.00 цагийн хооронд үйлчлэхээр зохицуулав.  


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумьяабазар энэ үеэр хэлэхдээ, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үйл ажиллагааг нарийн цагийн хуваарийн дагуу хийх ёстой. Энэ үед бид 17 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон ч өнөөдрийн байдлаар 40-50 мянган машин хөдөлгөөнд оролцож байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдлын ач холбогдолтой уялдахгүй байна. Иймээс үүнийг цаашдаа илүү чангатгах, хөдөлгөөнийг хумих тал руу шилжихээс өөр аргагүй байна. 


Дээрх цагийн хуваарь явганаар явж байгаа хүмүүст ч хамаатай.

Бид нэг цэгцэнд орж байж нүүрлээд байгаа тахлыг давна. Дэлхий нийтийн цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тээвэр болон хүний хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хорьж байж үр дүнд хүрч байна. Олон улсад нэвтэрсэн арга барилыг хэрэгжүүлснээр тахлыг хумина. Иргэд төр засгийн буюу Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна" гэлээ. 


Хэвлэлийн хурлын үеэр "Зорчигчийг нийтийн тээврээр үйлчлүүлэхэд халуун хэмжих, ажлын үнэмлэх шалгах зэрэг хяналт тавих хүн, хүчний боломж  бий юу" гэсэн асуултад тэрбээр "Нийтийн тээврийн унаа хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч байна. Нийт 90  чиглэлд 827 автобус үйлчилж байгаа, тоог нь нэмж 950-ыг гаргана.  Нийтийн тээврийн ариутгал, иргэд хоорондын зай барих, халуун хэмжих, нэг автобусанд 15-20 хүн явах, ухуулга сурталчилгааны хуудас наах зэрэгт 100-гаад хүн зохицуулагчаар ажиллаж байгаа.

Харамсалтай нь өнөөдөр ажилдаа явах шалтгаанаар нийтийн тээврийн ачаалал ихэссэн. Онцгой анхаарахгүй бол тахлыг хумих хичээл зүтгэл талаар болохоос болгоомжлон өнөөдөр эрс шийдэмгий шийдвэр гаргалаа. Иргэд ухамсартай хандаад, үүргээ биелүүлж, дэглэм сахиж, холбогдох цагийн хуваарьт ажлаа зохицуулах шаардлага байна.

Хуваарьт цагт зайлшгүй шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ авах, хүнсээ цуглуулах хүмүүс л гарна. Бүх хүн гарахгүй, хатуу хөл хорионд байна. Энх цаг биш хүнд нөхцөл байдалд байна хэмээн хариулав.


Хүнсний хангамжийн тухайд нийслэлд махны 48-60 хоногийн нөөцтэй, татан авалт байнга хийж байгаа. Гурилын нөөц 88-98 хоног, төрөл бүрийн будаа, ургамлын тос, төмс хүнсний ногоо 35-120 хоногийн нөөцтэй байна. Хүнсний нөөц хангалттай байгаа бөгөөд хэрхэн зөв цагт тээвэрлэж хүргэхэд анхаарч байна.

11 дүгээр сарын 17-ны байдлаар 21 байршилд 71 тн мах борлуулжээ. Нийслэлийн 1 сая 500 мянган иргэний аюулгүй байдлын төлөө 26077  албан хаагч ажиллаж байна. 

Холбоотой мэдээ