БХБЯ-ны ажилчдын 60,6 хувь нь эмэгтэйчүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-02 12:41:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ-ны ажилчдын 39.4 хувь нь эрэгтэй, 60.6 хувь нь эмэгтэй байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр салбарын хэмжээнд II улирлын байдлаар яамны эрхлэх салбарын тусгай зөвшөөрөлтэй 7848 аж ахуйн нэгжид 91,973 ажиллах хүч, эдгээрийн 86.01 хувь эрэгтэй, 13.99 хувь нь эмэгтэй байв.  Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо хамтран БХБЯ-ны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн ажилтай танилцах үеэр тус яам хүний нөөц, эрүүл, аюулгүй, ая тухтай байдлыг хангасан, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтөөр салбарын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хүний нийтлэг хэрэгцээг хангахад тодорхой ажил хийж байгаагаа танилцуулжээ.

Жендэрийн үндэсний хорооноос БХБЯ нь салбартаа жендэрийн талаарх бодлогын баримт бичгээ гаргасан, шилдэг зөвлөлөөр шалгарч байсан, үйл ажиллагаагаа төсөл хөтөлбөр, гэрээ, хэлэлцээр, санамж бичиг, “Ёс зүйн зөвлөл”, “Эцэг эхийн зөвлөл”, “Эрүүл мэнд, спортын зөвлөл”, “Сургалт” зэрэг хүрээнд хамруулан хэрэгжүүлж буйг болон салбарын тендэрийн баримт бичигт нийгмийн нөлөөллийн үнэлгээг шаарддагийг сайшаан, хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж өгөв. Үүнд “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусган, ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах, салбарын ажилтнуудад тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлох, мэдээг хүйсээр ангилан гаргах, жендэрийн талаар баримтлах бодлогыг орон нутгийн хэмжээнд төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүдэд танилцуулахыг зөвлөв.

 

Холбоотой мэдээ