Ундны усны чанарт судалгаа хийж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-30 15:35:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, ШУА-ийн Газарзүй геоэкологи, Хими химийн технологийн хүрээлэн хамтран нийслэл, аймаг, сумдын ундны усны эх үүсвэрт усны чанарын судалгаа хийж байна.

Судалгаагаар Завхан, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул аймгийн 87 сумын 309 гүний худаг, гадаргын 14 уст цэгт, Улаанбаатар хотын 9 дүүргийн 2257 гүний худаг, уст цэгээс дээж авч шинжилжээ. Завхан аймгийн Яруу, Шилүүстэй, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Богд, Говь-Алтай аймгийн Цогт, Халиун суманд булаг шанд, голын усыг унд ахуйд хэрэглэж байна.

Ундны усны чанарын судалгаагаар усны хатуулаг чанар их, фторын ионы агууламж стандарт хэмжээнээс бага эсвэл хэтэрсэн, магнийн ион их, эрдэсжилт өндөр, гэдэсний бүлгийн нянгийн тоо илэрчээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн гүний 42 худгийн сорьцыг шинжлэхэд 21 худгийн ус нь шаардлага хангаж, 14  нь бичил амь судлалын үзүүлэлт, магни, эрдэсжилт, хатуулаг, нитратын үзүүлэлтээр шаардлагад нийцээгүй. Бусад худгийн ус нь уран, радон, магни, манганы агуулгаараа стандартын шаардлага хангахгүйг тогтоожээ.  

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр нь Дотоодын цэргийн хамгаалалтад бий. Харин төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн харуул хамгаалалт хангалтгүй, төвлөрсөн бус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтоох заалтыг зөрчиж, хөрс бохирдох нөхцөл бүрдсэн, хамгаалалтын хашаагүйгээс газрын доорх ус нь хөрсөөр дамжин бохирдох эрсдэл нийтлэг байжээ.

Улсын хэмжээнд төвлөрсөн системд холбогдоогүй гэр хорооллын иргэдэд ундны усыг 1498 ус түгээх байраар дамжуулж хүргэдэг. Үүнээс гүний худаг 116, төвлөрсөн шугамд холбосон 695, зөөврийн 687 ус түгээх байр бий. Эдгээрийн 34 хувь нь буюу 511-д нь ухаалаг төхөөрөмж суурилуулснаар иргэд хэзээ ч очоод ус авах боломжтой болжээ. Гэр хорооллын иргэдийн усны хоногийн хэрэглээ 8 л бол орон сууцанд амьдарч байгаа 1 хүнийх 100л байна. 

Холбоотой мэдээ