Хүлэмжийн хийн ялгарлыг тоолох аргачлал боловсруулжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-30 14:40:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад ялгаруулж буй хүлэмжийн хий өнөөгийн эрчээрээ үргэлжилбэл 2030 он гэхэд 2014 оны үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Хүлэмжийн хийн ялгарлын 50 гаруй хувийг эрчим хүчний салбар бүрдүүлдэг бол барилгын салбар удаалж байна. НАМА төсөл хэрэгжүүлснээр барилгын салбарт эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулахад багагүй ахиц гарсныг “Монгол Улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ (НАМА)” төслийн хаалтын үеэр онцлов.

Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) хамтран 2017- 2020 онд хэрэгжүүлсэн. Уур амьсгалын өөрчлөлт байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүйн тулд 2010-2030 онд дэлхий дахины хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг одоогийнхоос 45 хувиар багасгах шаардлагатай байгаа аж.

Төслийн дүнд хүлэмжийн хийн ялгарлын тооллого хийх аргачлал боловсруулан, хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшин тогтоож, вэбэд суурилсан тооллогын анхны цахим систем бий болгосноос гадна БХБЯ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлого, төсөл хөтөлбөрийн үр дүнг хэмжих, тайлагнах, нотлох тогтолцооны суурь бүрдүүлжээ.

Мөн 48 мянга гаруй тонн хүлэмжийн хий ялгарлыг бууруулах зургаан загвар төсөл хэрэгжүүлж, 420 гаруй албан хаагч, мэргэжилтэнг сургалтад хамруулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлд 50 гаруй ажлын байр бий болгов. 

Холбоотой мэдээ