Атрын анхны шанг татсан тариаланч, механикжуулагчиддаа мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-06 17:45:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар тариалангийн өлгий Сэлэнгэ нутагт тэртээх нэгэн жарны өмнө атрын анхны шанг татаж, өгөөж баян газрын хишгээ хүртэн ард олноо гурил, талхаар хангаж, улсынхаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах өрнүүн их ажлын гараа эхэлж байсан ажээ. Энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нар мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээндээ “Монгол орны онгон зэлүүд нутагт оньсон техникийг жолоодон атрын анхны шанг татаж, газар тариалангийн салбарын тулгын чулууг тавилцаж, арвин их ургацаар ард олныхоо хүнсийг бэлтгэж ирсэн үе үеийн тариаланчид, механикжуулагчид, ажилтан ажилчид Та бүхэндээ Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Атрыг далайцтайгаар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлснээс хойших 60 жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс 1959, 1976, 2008 онд Атрын гурван удаагийн аяныг зарлан хэрэгжүүлж байлаа.

Атар газар эзэмших эхний 2 аяныг ЗХУ, хамтын нийгэмлэгийн техник, эдийн засгийн дэмжлэг, мэргэжилтнүүдийн зөвлөмжтэйгөөр зохион байгуулж хэрэгжүүлсэн бол Монгол Улсын Засгийн газраас 2008 онд “Атрын 3 дахь аян” үндэсний хөтөлбөрийг зарлаж, тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалт, үндэсний мэргэжилтнүүдийн хүчээр хэрэгжүүлсэн юм.

Газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээгээ хангах, шинэ техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх зорилгоор түүхэндээ Атрын гурван аянд Сэлэнгэ аймаг маань түүчээлэн оролцож ирсэн.

Бүтэн жарны туршид газар тариалангийн салбарт ажиллаж, ард олноо эх орны үржил шимт хөрсөнд ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлсэн үе үеийн тариаланчид, механикжуулагчид, ажилтан ажилчид Та бүхэндээ үеийн үед арвин ургац, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сэлэнгэ сайхан нутагт минь тариа будаа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ үржин дэлгэрч байх болтугай” хэмээжээ.

 

Холбоотой мэдээ