“Altaa & Sally-21” аялан тоглолт Дорнодод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-10-24 11:02:15

Дорнод /МОНЦАМЭ/. Монголын рок попын тайзнаа “Поп дива” хэмээн өргөмжлөгддөг Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа нар “Altaa & Sally-21” аялан тоглолтоо Дорнодын үзэгчдэд хүргэлээ.

Дорнодыг зорьсон аялан тоглолтын эхний цэг нь Баяндун сум байв. Тоглолтын сургаар ойрын буриад сумдынхан ч зорьж ирж, хоёр дуучин маань зөвхөн тэдэнд зориулж “Дангина”, “Ижий минь” дууг дуулсан нь буриад зоныг огшоогоод авна лээ. Дараагийн өдөр Дорнод аймгийн төвд тоглож, үзэгч фенүүдтэйгээ халуун алга ташилт дор нэгэн үдшийг өнгөрүүлсэн.

Үнэндээ орон нутагт ирж байгаа тоглолтын дийлэнх нь хошин шог, зохиолын дуучид л байдаг. Харин энэ орой үзэгчид ойрд уулзаагүй дуучдынхаа амьд тоглолтод эрхгүй шимтсэн.

Дуучин Ж.Алтанцэцэг урлагийн тайзнаа дуулж эхлээд 30 жил, дуучин С.Сэрчмаа 20 жилийг үджээ. Сүүлийн арваад жил уран бүтээлээ түр завсарлаад байсан дуучид маань энэ удаад эх хүний үрээ гэсэн ариун нандин хайрыг илэрхийлэхийг зорьсон гэдгээ тоглолтын эхэнд дуулгасан. Сэлли “Санасан сэтгэл” нэртэй шинэхэн уран бүтээлээрээ тоглолтыг эхлүүлсэн нь үзэгчдээ санасан сэтгэлийн илэрхийлэл гэлтэй.

Дуу гэдэг дурсамж аж. “Altaa & Sally-21” тоглолтын дуу болгон нь арван хэдтэй хүүхэд насны минь гэгэлгэн гэнэхэн дурсамжуудыг эрхгүй сануулсаар хамтын шинэ уран бүтээл “Чиний миний эх орон” дуугаар өндөрлөв.

Монгол орноо тойрч буй аялан тоглолт ирэх өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь гэхчлэн зүүн аймгуудад үргэлжилнэ.  

 

Холбоотой мэдээ