Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнгээр Акуайтиний шар үхрийг онцоллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн “SOMMET DE L”LELEVAGE” Францын Клермон Ферран хотноо энэ сарын 2-4-нд боллоо. Үзэсгэлэнд Монгол улсаас ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ААН-ийн төлөөллүүд оролцжээ.
Олон орны шилмэл малыг танилцуулж, хамгийн ашиг шимтэйг нь шалгаруулдаг уг үзэсгэлэнд 70 үүлдрийн 2000 орчим толгой малыг танилцуулсан байна.
Өндөр ашиг шимт малыг өсгөж үржүүлэхийн зэрэгцээ экологийн цэвэр, баталгаатай бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг эрмэлздэг болсон өнөө үед “SOMMET DE L”LELEVAGE”-г зорих зочдын тоо нэмэгдсээр байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 35 орны 1500 оролцогч, 95 мянга гаруй зочин оролцож буйн дотор манай улсын ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ААН-ийн төлөөллүүд багтжээ. Мөн үеэр ХАА-н чиглэлийн 70 гаруй хурал, зөвлөгөөнөөс гадна эрчимжсэн мал аж ахуй, үржил селекц, малын үүлдэр угсаа, тэжээлийн чанар, эм зүй, мал эмнэлэг, газар тариалангийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болсон байна.
Орон орны хөдөө аж ахуй эрхлэгчдэд сүүний чиглэлийн 25, махны чиглэлийн 22 үүлдрийн 1300 үхэр, 26 үүлдрийн 400 хонь,16 үүлдрийн 400 адуу зэрэг 2000 гаруй малыг танилцуулжээ. Жил бүрийн үзэсгэлэнгээр өөр өөр үүлдрийн үхрийг онцлон алдаршуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа Blonde D Aquaitaine буюу Акуайтиний шар үхрийг онцолсон байна. Францад 500 мянган толгой байдаг тус үүлдрийн 16 сартай бяруу нь дунджаар 550 кг татдаг бөгөөд ХАА-н өндөр ашиг шимтэй үүлдэрт тооцогддог аж.
Үзэсгэлэнгийн үеэр манай улсын “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төв” ТББ-ын төлөөлөл болон фермер, тариаланчид шинэ технологи, өндөр ашиг шимт үүлдрийн мал, тэжээлийн сортыг судалж, хамтран ажиллах олон шинэ боломж нээжээ.
Европ тивийн тэгш өндөрлөгт орших Клермон Ферран хот мах, сүүний чиглэлийн үхэр, амтат хиам, 150 гаруй нэр төрлийн бяслагаараа алдартай. Эрчимжсэн мал аж ахуй эрхэлэхэд хамгийн тохиромжтой уг бүс нутагт олон мянган га газар фермерүүд аж ахуй эрхэлдэг аж. Монгол Улс Клермон Ферран хотынхонтой туршлага солилцож, хамтран ажиллах өргөн боломж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
Олон улсын ХАА-н салбрын бизнес эрхлэгчдийн уулзах цэг болоод буй тус үзэсгэлэнг 35 орны 160 орчим хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилжээ.