Бизнес эрхлэгчдэд зориулсан нүүдлийн номын сан ажиллаж эхэллээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-25 16:11:32

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос бизнес эрхлэгчдэд зориулсан нүүдлийн номын санг хоёр дахь жилдээ ажиллуулж  байна.

Холбооны удирдах зөвлөлийн 20 гаруй эмэгтэй уран зохиолын болон бизнесийн амжилтын үүх түүх, түүхийн, шинжлэх ухааны, гоо сайхны холбогдолтой 130 гаруй ном цуглуулжээ.

Эдгээр номыг Улиастай сумын томоохон дөрвөн худалдааны төвд байрлуулан бизнес эрхлэгчдийн хүртээл болгож байна. Бизнес эрхлэгчид, худалдаачид өөрийн цахим иргэний үнэмлэхээр нүүдлийн номын сангаас хоногоор болон өдрөөр  ном түрээслэн авч унших боломжтой.

Мөн бизнес эрхлэгчид гэртээ байгаа номоо солилцож унших, судлах, орон нутгийн сонины шинэ дугааруудыг долоо хоног бүр хүлээн авч унших боломжтой юм.

Нүүдлийн номын сан сарын турш бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлнэ. Зарим худалдааны төвүүдийн худалдаачид хоорондоо хөзөр тоглох, үйлчлүүлэгчгүй үедээ цагаа үр бүтээлгүй өнгөрүүлдэг байдал нийтлэг гардаг аж.

Нүүдлийн номын сангаар дамжуулан оюун сэтгэлгээндээ хөрөнгө оруулах, аймгийнхаа мэдээ мэдээллийг унших боломжтой болж байгаад бизнес эрхлэгчид ам сайтай байна. 

Холбоотой мэдээ