Хүнсний ногоо хадгалах зоорьтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг 200 тонн ногоо хадгалах зоорьтой боллоо.
Тус аймгийн хэмжээнд ногоо хадгалах зоорь байхгүйгээс газар тариалан эрхлэгчид тарьсан ногоогоо удаан хадгалах боломжгүй байсан. Үүний улмаас ногооны эрэлт ихэсч, үнэ өсөж, хаана тариалсан нь мэдэгдэхгүй хүнсний ногоо орж ирэх нь элбэг байсан юм. Тиймээс тогтмол үнэ бүхий, орон нутгийн шимт хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоогоор ард иргэдээ хангахын тулд ногооны зоорь бариад байна. Барилгын ажил нь дууссан байгаа ч одоо 120 сая төгрөгийн өртөг бүхий хөргүүрийн тоног төхөөрөмжийн ажил хийх дутуу байгаа аж.
Уг зоорь нь 200 тоннын багтаамжтай, нарийн ногоо хадгалах хөргөлттэй, ногоо ангилан ялгах хэсэгтэй юм. Өмнөговь аймаг нь хүнсний ногооныхоо хэрэгцээг нутагтаа тариалдаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байгаа юм. Мөн энэхүү ажлынхаа хүрээд ХААИС, БНСУ-тай хамтран ажиллаж байна.