ЗАВХАН: Байгаль хамгаалагч 15 эмэгтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-30 20:30:31

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 суманд 58 байгаль хамгаалагч ажиллаж байгаль орчныг хамгаалах, биологийн олон төрөл зүйлийг судлах, иргэд олон нийтэд байгаль орчноо хамгаалахыг таниулах ажлыг хийж байна.


Дэлхий даяар 6-р сарын 23-30 өдрүүдийг “Дэлхийн эмэгтэй байгаль хамгаалагчдын долоо хоног” болгон тэмдэглэж байна.


Дэлхий дээр 10 байгаль хамгаалагч тутмын 1 нь эмэгтэй байгаль хамгаалагч байдаг бөгөөд, тэд байгаль хамгааллын салбар дахь сорилт, бэрхшээл бүрийг ар гэрийн аж ахуй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх их үйлсийн хамт үүрч байдаг.
Эмэгтэй байгаль хамгаалагч нь нутгийн иргэдэд боловсрол олгох, залуусыг чадавхжуулах, зоригжуулахад чухал нөлөөтэй хүмүүс юм.

 

Завхан аймгийн Байгаль орчны газраас 24 суманд 42 байгаль хамгаалагч ажилладаг. Үүний 26.2 хувь эмэгтэй байгаль хамгаалагч байна.


Байгаль хамгаалагч эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч Нармандахын Пүрэвсүрэн юм. Тэрээр энэ жил 27 настай, гурав дахь жилдээ байгаль хамгаалах ажлыг хийж буй юм. Завхан аймгийн 24 сумын байгаль хамгаалагчдаас гадна, улсын тусгай хамгаалалттай газар нутгууд болох нэр бүхий 6 суманд 16 байгаль хамгаалагч ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж буй байгаль хамгаалагчдын 3 нь эмэгтэй байгаль хамгаалагч байна.


Эмэгтэй байгаль хамгаалагчдаас хамгийн олон жил ажиллаж буй нь Тэс сумын байгаль хамгаалагч Батцэрэнгийн Дашбямба юм. Тэрээр амьдралынхаа 20 орчим жилийг байгаль хамгаалах үйлсэд зориулжээ.


Тэс сумын байгаль хамгаалагч Батцэрэнгийн Дашбямба: 

Хүн бүр байгаль хамгаалагч байх үүрэгтэй

-Байгаль хамгаалагчаар ажиллах нь хэр бэрхшээлтэй вэ?

-Анх 2008 оны 12 сарын 15-нд байгаль хамгаалагчаар ажилдаа орж байлаа. Хэдийгээр өөр мэргэжилтэй ч гэлээ экологич мэргэжлийг эзэмшиж байгаль хамгаалагчаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Байгальтай ойр байх хамгийн сайхан гэдгийг мэдрүүлдэг ажил бол миний ажил. Нэг талдаа их сайхан, нөгөө талдаа эмэгтэй хүний хувьд бэрхшээлтэй байдаг.


Гэхдээ бэрхшээлээс илүү сайхан нь илүү давамгайлсан ажил юм шүү дээ. Байгалийн сайханд хөдөө хээр явах хамгийн тайван, тухтай мэдрэмж өгдөг. Заримдаа даарах, айж сандрах ч тохиолдол бий. Гэхдээ л ажил минь гарт орж нүд, сэтгэл зүрхээрээ ажилладаг онцлогтой болохоор хамгийн сайхан байдаг юм. Сүүлийн жилүүдэд байгаль хамгаалагчдын цалин, ажиллах нөхцөл сайжирсантай холбоотой хүндрэл гарах нь багассан. Анх ажилд орж байсан үеийг бодоход байгаль хамгаалагчдын ажлыг ойлгодог, дэмждэг, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг болсон нь сайхан.


-Байгаль хамгаалагч байхын сайхан нь?

-Хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг болохоор байгальтай илүү ойр байдаг. Ажлын минь онцлог ч байгальтай ойр. Төрсөн нутаг ус, монголынхоо ариун дагшин, онгон,байгалийн сайхныг өдөр бүр харж ажиллана гэдэг хамгийн сайхан шүү дээ. Бид байгалиас ямар ч үнэ төлбөргүйгээр баяр баясгаланг, сэтгэлийн амар амгаланг, гоо сайхныг таашаалыг хүртдэг. Агаар ус, үнэр, мэдрэхүй гээд бүгдийг байгаль эх бидэнд харамгүй өгдөг, өдөр бүр шүү дээ. Тиймээс л энэ бүхнийг өдөр бүр мэдэрдэг болохоор байгаль хамгаалагч байх хамгийн сайхан байдаг юм. Тиймээс л би хүн бүрт хэлдэг юм,

-“Хүн бүхэн байгалиа хамгаалаасай гэж”, Энэ сайхан онгон дагшин байгалиа ирээдүй хойч үедээ яг л энэ хэвээр нь үлдээх юм сан гэсэн зорилготой ажилладаг, амьдардаг.  Ийм л зорилго чиглэлийн төлөө зүтгээд хэдийн 17 жилийг үджээ.


-Нутаг бүхэн өөр өөрийн онцлогтой. Танай нутгийн онцлог нь юу юм бэ?

-Миний Тэс нутаг хангай хээр хосолсон өргөн уудам нутаг дэвсгэртэй. Биологийн олон төрөл зүйлийн эх нутаг нь болсон үржил шимтэй хөрс, устай нутаг шүү дээ. Эх оронч гол гэгддэг Тэсийн гол, Нисэгийн шугуй, гацууран шугуй гээд бидний нутаг баян тансаг гайхамшиг цогцолсон газар шүү дээ.


Азийн шар минж гээд нэн ховордсон улаан номд орсон амьтан Тэсийн гол дагуу нутагшиж бүлээрээ амьдарч байна. Зэгсний гахай, нэн ховор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, эрээн хүрнэ, усны булга, сибирийн гүлмэр, зэрлэг гахай, бор гөрөөс, буга гээд амьтад нутагшиж, бүлээрээ амьдарч, олширч, өсөж, үржиж байна. Эдгээр сайхан баян хангайг яг л энэ байгаа ертөнцөөр нь хайрлан хамгаалах нь бидний үүрэг шүү дээ.

Сумын төв маань алслагдсан сум ч гэлээ энд бүх зүйл бий,, хөгжил дэвшил, суурин газарт байдаг бүхий л үйлчилгээ энд бий. Тиймээс хөдөө орон нутагт ажиллаж амьдрах сайхан шүү дээ.


-Танай сумын нутагт болон хөрш сумуудад Завхан аймгийн ойн сангийн нөөцийн тодорхой хувь бий. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажил мэдээж чухал байх?

-Тэгэлгүй яах вэ. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажил бол байгаль хамгаалагч бидний хамгийн чухал ажлын нэг хэсэг нь. Бид өдөр бүр эргүүл хийнэ. Урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг байнга хийдэг. Аялж зугаалж буй иргэдэд мэдээлэл өгнө, малчдад урьдчилан сэргийлэх анхааруулах зөвлөгөө өгнө.


Хавар, намрын улиралд ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх багаараа бүтэн тойрч зөвлөгөө, мэдээлэл өгч нөлөөллийн ажлыг хийж байна. Ойролцоо нутаглаж байгаа хил залгаа сумуудын малчдад ч зөвлөгөө мэдээлэл өгнө, хөрш зэргэлдээ сумынхаа байгаль хамгаалагч нартай хамтраад нийт нутгаараа тойрч нөлөөллийн ажлыг хийж байна. Жишээлбэл энэ жил манай нутагт хуурайшилт их байна, ийм тийм газруудад нөлөөллийг шуурхай, тогтмол өгнө. Тэр нутгаар аялагчид их байна, тэнд ийм зөвлөгөө мэдээлэл, анхааруулгыг өгнө гээд л ажлаа төлөвлөөд ажилладаг.


Шаардлагатай бол хөдөөгийн багуудаар хяналт шалгалтыг тогтмол явуулна. Манай нутгийн байгаль цаг уур эрс эрс тэс уур амьсгалтай зундаа их халдаг их хуурай. Өвөлдөө хүйтэн, цас зуд ихтэй байдаг онцлогтой. Тиймээс улирлын онцлогоос шалтгаалан нөлөөллийн ажлыг тухай бүр нь хийдэг.  

Байгаль хамгаалагч миний хувьд жилдээ хавар, намартаа 400-500 орчим км га газар нутгийг бүтэн тойрч ажилладаг. Бусад үед нөлөөллийн ажлыг суурин цахим орчинд явуулж байна. Мөн хөдөөгийн ойр багуудаар ажилладаг. Өнөөдрийн түвшинд байгаль хамгаалагч нар хуулийн хүрээнд хуулийн зүйл заалтыг иргэдэд ойлгуулах, ойн түймэр, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах нөлөөллийн ажлыг л хийж байна.


Ойн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөөд байхад түймэр гарчихдаг,

Яг энэ нөхцөлд танд ямар байдаг вэ?

-Хамгийн муухай мэдрэмж шүү дээ. Өдөр бүр шахуу харж, үзэж, биширч, хамгаалж нандигнадаг тэр сайхан байгаль нэг л өдөр санаатай болон санамсаргүй үйлдлээс болж шатна гэдэг хамгийн харамсалтай. Хамгийн сүүлд түймрийн голомтод гал унтраахаар ажиллаж байхдаа, яг л өөрөө чүдэнз зураад шатаачихсан юм шиг тийм муухай мэдрэмж авсан.


Өр өвдөж зүрх зүсэм мэдрэмж, бөөн хар юм цээжинд тээглэж, гомдох шиг л, үе үе нулимсаа арчаад л, гэмшээд л байсан. 2014 онд шүү дээ манай сумын Дооно багийн нутагт их хэмжээний түймэр гарч нэг уул, 300-аад га газар түймэрт өртсөн юм. Түймрийн голомтот 10 хоног тасралтгүй ажилласан, нэг л хүний санаандгүй үйлдлээс болж байгаль орчин, амьд бүхэн хэрхэн яаж устаж үгүй болж байгааг харах, ямар хэцүү вэ гэдгийг тухайн үед биеэр мэдэрсэн.


Харамсаад баршгүй, түүнээс хойш ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг, хүн бүр хийх нь чухал гэдгийг би одоо ч үлгэрлэхийг, нөлөөлөхийг хичээж байна. Түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг би илүү их хийх ёстой шүү гэж өөртөө амласан.


-Аялагч, амрагчдад зориулж ямар үг хэлмээр байна вэ?

-Манай зарим иргэд аялж зугаалахдаа байгальд хогоо хаяад явдаг нь муухай шүү. Ээлжит эргүүлээрээ явж байхад ойд, гол усны захад, хөдөө хээр хогоо хаяад явсан байх бүрт л гомдох шиг, уур ч хүрэх шиг мэдрэмж авдаг. Хөдөөгийн эргүүл, хяналтаар явж байхдаа таарсан эзэнгүй хогийг бид цэвэрлээд л ачаад явдаг, өмнө нь мотоциклоор ажлаа хийдэг байхдаа байнга хогийн ууттай явна, хогоо хамаад мотоциклынхоо ард дүүрээд л явдаг.


Ер нь байгальд хаясан хог хамгийн муухай шүү дээ, өөриймсөг бус аялдаг хүмүүс их байгаад харамсдаг юм. Цахим орчинд иргэдэд нөлөөллийн ажил хийж байхдаа нэг удаа, “байгальд хогоо хаяж амарч аялснаас хогийн цэгт очоод амраад аялаарай” гэж постолж байхав дээ. Байгаль хамгаалагчдын хамгийн эмзэг асуудал бол эзэнгүй хог хаягдал шүү дээ.


-Байгаль хамгаалагчид гэрийн бараа хардаггүй, ялангуяа эмэгтэй хүн энэ ажлыг хийх бэрхшээлтэй л болов уу?

-Бэрхшээлээс илүү сонирхолтой болохоор гайгүй байдаг. Би нэг хүүтэй, хүү маань оюутан болохоор ажилд маань төвөггүй, ар тал маань найдвартай болохоор байгалиа хайрлах, хамгаалах ажлаа цалгардуулж үзээгүй ээ. Харин байгаль хамгаалагчийнхаа ажлыг илүү хийх сэн, байгалийн сайхнаас илүү ихийг мэдэрч, иргэдэд зөв нөлөөлөл өгөх сөн, сурах сан гэж боддог шүү.


-Байгаль хамгаалагч хүн тухайн газар нутгаа гарын 10 хуруу шигээ л мэдэрч мэддэг онцлогтой байх.

Магадгүй ажиглалт ч хийдэг байх?

-Тэгэлгүй яах вэ. Бид ажиглалт судалгааны ажлыг илүү хийнэ гэж боддог. Учир нь сар бүр, өдөр бүр шахуу нөгөө л газар орныхоо ус, амьтан, өвс ургамал бүрийн өөрчлөлтийг ажиглаж судалж мэдэрч байгаа хүмүүс шүү дээ. Жишээлбэл тухайн газар маань өнгөрсөн жил ийм байсан, өнгөрсөн хавар ийм байлаа, одоо ийм болж.


Тэнд ийм ургамал ургахгүй байна уу даа, энд ийм амьтан нэмэгдэж гээд л байнгын ажиглалт хийж байдаг онцлогтой. Байгаль хамгаалагч нь хариуцсан нутаг дэвсгэртээ гал түймэр, хууль бус мод бэлтгэл, хууль бус агнуур зэрэг байгаль орчинд учирч болзошгүй аливаа аюулаас сэргийлэх. Эргүүл хяналт хийх, хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтны мониторинг судалгаа хийх, орон нутгийн ард иргэдтэй хамтран ажиллах үүргийг гүйцэтгэдэг.


Ерөөсөө байгаль хамгааллын үйл хэрэгт хамгийн тэргүүн эгнээнд ажилладаг хүн шүү дээ. Байгаль хамгаалагч наргүйгээр байгаль хамгааллын үйл хэргийг хөтлөн явуулах боломжгүй юм. Тиймээс байгаль хамгаалагчдыг нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлаас илүү судалгааны ажлыг хийгээсэй гэж боддог. Өдөр бүр ажиглах боломжтой нөхцөлд бодит судалгаа, дүгнэлтийг байгаль хамгаалагчид л гаргана шүү дээ. Байгаль хамгаалагчдын ажлын байрны үүрэг, орчин нөхцөлийг харгалзан судалгааны ажлыг түлхүү хийлгээсэй гэж хүсдэг.


-Байгаль хамгаалагч хүний хувьд хүмүүст хандаж юу хэлмээр байна вэ?

-Хамгийн алс бөглүү газар нутгуудад дэлхийд устах, ховордох аюулд өртсөн зүйлүүдийг хамгаалахаар хууль бус агнуур, зэрлэг амьтны хууль бус худалдаа наймаатай амь насаа эрсдэлд оруулан тэмцэн ажиллаж буй байгаль хамгаалагчдын ажлыг байнга дэмжиж байгаарай. Байгаль хамгаалах нь зөвхөн байгаль хамгаалагчдын ажил биш юм. Байгаль хамгаалах нь хүн бүрийн үүрэг юм шүү гэж хэлмээр байна.

-Танд баярлалаа.

Завханы байгаль хамгаалагчдын 40 орчим хувь нь эмэгтэй байгаль хамгаалагч байна


Завхан аймаг Тэс сум


Завхан аймаг Тэс сум, Азийн хамгийн хойд элсэн тарамцаг

Холбоотой мэдээ