16 давхрын бохирын шугам хоолойг засварлах ажил эхлэв

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-05 16:24:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ хөрөнгөөр 12 дугаар багийн нутагт дэвсгэрт орших 16 давхар байрны зоорийн давхрын инженерийн шугам сүлжээг засварлах аж.

Эхний ээлжинд тус байрны гадна байрлах 12 худгийг соруулж цэвэрлэжээ. Харин энэ сарын 1-нээс эхлэн зоорийн давхрын бохир усыг соруулж цэвэрлэх ажил хийж байна.

Холбоосоороо салсан, шугамууд цоорсон, хоолойгоор бохир ус байнга алдаж байгаа учир мэргэжлийн байгууллагууд үйлчилгээ хийхийн тулд айл өрхүүдийн хэрэглээний халуун, хүйтэн усыг энэ сарын 04-ний өдрийг хүртэл хаажээ. Бохир усыг юүлж дуусгаад, хортой хийг гадагшуулан хүн орж ажиллах нөхцөлийг бий болгосны дараа бохирын шугамыг засварлана гэж холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл мэдэгдлээ.

Уг ажлыг бүхэлд нь "Дархан Ус суваг" ХК ямар ч ажлын хөлсгүйгээр гүйцэтгэж байгаа аж. Гүйцэтгэгчийн зүгээс энэ сарын 19 гэхэд ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

16 давхар барилга нь 1986 ашиглалтад орсноос хойш 2006, 2013 онд инженерийн шугам сүлжээний засвар хийж байжээ. Одоо тус байранд 171 өрхийн 580 гаруй оршин суугч амьдарч байна.

Холбоотой мэдээ