Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны хүрээнд “Дэвжээ” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-29 10:14:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооноос 2019 оны ХАБЭА-н сарын аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг дээшлүүлцгээе” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Сарын хугацаанд үргэлжилж буй уг аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр, эрчим хүчний байгууллагуудын ажилчдын дунд ."Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө" сэдэвт "Дэвжээ" тэмцээнийг зохион байгууллаа.

ХАБЭА-н хууль тогтоомжийг сурталчлах, танин мэдэхүй, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэн хэвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бий болгох зорилготой уг тэмцээнд 10 баг оролцжээ.

Тодруулбал өөр өөрсдийн салбарын онцлогыг харуулсан, хэрхэн аюулгүй ажиллагааг эрхэмлэхийг харуулахаар “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн "Дулааны-илч" баг, “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан салбарын "Эрчим" баг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн "Төмөр хүү", “Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн "Энержи", “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн "Гэрлийн хурд", “Дархан Ус суваг” ХК-ийн "Чандмань-Эрдэнэ", “НИК Петровис” ХК ШТС-ын "Бид хөгжил түгээнэ" баг оролцсон аж.

Өрсөлдөөн ихтэй, шинийг эрэлхийлж үзэгчдэд ажлын онцлог, давуу талаа харуулахаас гадна аюулгүй ажиллагаа эн тэргүүнд байдаг утга санааг жүжигчилсэн хэлбэрээр тавьж өрсөлдсөн дээрх багаас нэгдүгээр байрт “НИК Петровис” ХК ШТС-ын "Бид хөгжил түгээнэ" баг орсон бол удаах байруудад “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн "Дулааны-илч" баг, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн "Гэрлийн хурд" баг шалгарчээ.

Энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн ХАБЭА-н сарын аян удахгүй нэгдсэн дүнгээ гаргаж ААНБ-уудад өгсөн үүрэг даалгавар, сарын хугацаанд хийсэн ажлын тайланг нэгтгэн мэдээлэл өгөх аж.

Холбоотой мэдээ