Энхийг сахиулагчид эх орноо сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 14:55:55

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

Манай энхийг сахиулагч дайчин эрс өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээ нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болоод батальоны үүрэг гүйцэтгэлтийг бусад орны энхийг сахиулагчид, олон нийтэд сурталчилан таниулахад чиглэгджээ. Арга хэмжээнд урилгаар Мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара, Хойд Секторын командлагчийн орлогч, хурандаа Адарша Верма,Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Ж.Молорболд, Өмнөд секторын штабын дарга, хурандаа Ч.Түмэндэмбэрэл, бусад орны хамтран үүрэг гүйцэтгэгч цэргийн багийн захирагч нар болон НҮБ, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгч нар хүрэлцэн байна. Батальоны үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн болоод бусад энхийг сахиулагчид хүрэлцэн ирсэн хүндэт зочид болоод дотоодын дүрвэгсэдийн хуарангийн иргэдэд зориулж,үлээвэр хөгжмийн тоглолт, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт зэргийг бэлтгэн сонирхууллаа.Мөн нийт бүрэлдэхүүн нэгдсэн тооллого, тангараг давтах ажиллагааг явуулсан юм. Үүний дараа хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолтыг зохион байгуулж, хамт олноо манлайлан ажиллаж буй цэргийн алба хаагчидыг алдаршуулсны зэрэгцээ батальоны зүгээс нийт бүрэлдэхүүний дунд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохиосон мини марш, буухиа тэмцээний ялагчдыг тодруулан шагнаж урамшуулжээ. Энэ үеэр Мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара “Юнити мужийн зохицуулагчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлснээс хойш монголын энхийг сахиулагчид миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөж байгааг дурдахад таатай байна. Та бүхэн үндсэн үүрэг гүйцэтгэлтээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэхээс гадна урлагийн тоглолт, цэргийн жагсаал, гардан тулаан гээд бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, авьяас чадвартай энхийг сахиулагчид гэдгээ харууллаа. Та бүхэнд баярын мэнд дэвшүүлье” хэмээн онцолсон юм.

Ж.Батсайхан

 

 

 

Холбоотой мэдээ