Үндэсний үйлдвэрлэгчид “Хааны эрэлд-2025”-д оролцогчдод бүтээгдэхүүнээ танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагчийн ивээл дор “Даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд төр, хувийн хэвшлийн оролцоо” олон улсын санаачилга уулзалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж байна.
Тус санаачилга уулзалт “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Монголын
үндэсний үйлдвэрлэгч болон гадаадын 31 компани цэргийн зориулалтын хангалт хэрэгсэл, бусад бараа
бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ дэлгэж, энхийг дэмжихэд оролцож буй цэргийн алба хаагчдад
танилцууллаа.
Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагаагаар дамжуулан олон улсад сурталчилж, НҮБ-ын энхийг сахиулах, хүмүүнлэгийн ажиллагааны материал, хэрэгсэл, хангалт үйлчилгээг бэлтгэн нийлүүлэх хамтын ажиллагаанд оролцуулахыг зорьжээ.
Энэ сарын 14-28-нд
үргэлжлэх “Хааны эрэлд-2025” олон улсын сургуулилтад БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хуурай
замын цэргийн анги, Энэтхэгийн 40 цэргийн алба хаагчтай бүрэлдэхүүн, БНСУ, БНТУ, БНСВУ-ын 1200 алба хаагч оролцож байна.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд арьс ширний
үйлдвэрлэлийн салбараас цэрэг цагдаа, хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэгч “Хос Аз”, “Бест шүес”, “Баян цагаан нуур”, “Хүүгийн гутал”
ХХК, савхи, нэхий хувцас үйлдвэрлэгч “Дархан нэхий” ХК,
савхин бээлий үйлдвэрлэгч “Мон
гловес”, цүнх жижиг эдлэл
үйлдвэрлэгч “Агни”, “Мэргэн тур”, “Делбакс”, ширэн бүс тэлээ үйлдвэрлэгч “Кажуг” ХХК зэрэг аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ дэлгэв. Мөн Ноолуурын үйлдвэрлэлийн салбараас “Кашемир Холдинг” ХК, ”Баялаг Өлзий”, ноосны үйлдвэрлэлийн салбараас “Блю Скай Кашемир”
ХХК, “Эрдэнэт хивс”, “Нэхээсгүй эдлэл”, “Монгол нэхмэл”
ХК, “Ноос Ирээдүй”, “Тод оймс”, “Янмал” ХХК ноосон мишок, гудас,
ноолууран ороолт, бээлий, цамц, өмд, оймс зэргийг сонирхуулжээ.