Дулааны станцын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-18 21:45:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төвд шинээр барих Дулааны станцын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчид, иргэдэд танилцуулж, санал авах ажлыг 3 дугаар сарын 18-ны өдөр тус аймагт зохион байгууллаа.   

Үнэлгээг БНСУ-ын KDHEC компани, Гайяа консалтинг “КЭСС” Олон улсын зөвлөх компани болон Эко трейд ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг гүйцэтгэсэн ажээ.  

Тус үнэлгээг хийсэн ажлын хэсэг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй уулзаж, үнэлгээний үр дүнг танилцуулан, харилцан санал солилцсоны дараа төрийн албан хаагчид, иргэдэд танилцуулах, санал авах уулзалт зохион байгууллаа.   

Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийт 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах дулааны станц барих төсөл хэрэгжүүлж байгаа ба энэхүү 10 аймгийн нэгд Дундговь аймаг орсон юм.

Нийт 148 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар 10 аймагт хийх энэхүү ажил 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжих ажээ.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц барих, дулаан дамжуулах шугам сүлжээний 1-р хэлхээг, дулаан дамжуулах төв барих ажлуудыг гүйцэтгэх бол Монгол Улсын хөрөнгөөр дулаан түгээх шугам сүлжээ хийх, барилга доторх шугам сүлжээг сайжруулах, цахилгаан, цэвэр ус хангамж, бохир ус зайлуулах шугам сүлжээнд холбогдох ажлуудыг хийхээр гэрээнд тусгагдсан байна.

Төсөлд тусгагдсанаар Мандалговь хотноо барих Дулааны станцын хүчин чадал 20 гкал/цаг бөгөөд 8  дэд станцтай ажээ.

Уулзалтын үеэр төслийн үр дүнд үүсэх байгаль орчин, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллүүд болон тэдгээрийг бууруулах арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Аймгийн төвд Дулааны станц барьж байгуулах энэхүү төсөл хэрэгжсэнээр агаар орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, зууханд хэрэглэх нэмэлт усны хэмжээ буурах бөгөөд айл өрх, албан байгууллагууд хэрэглээний халуун усаар хангагдаж, дулаан хангамжийн чанар сайжрах ажээ.  

Холбоотой мэдээ