"Энх мэндийн баяр" уртын дууны улсын уралдаан ирэх 4 дүгээр сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-15 16:59:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театраас МУГЖ, уртын дуучин Жамьянгийн Дүнжмаагийн нэрэмжит "Энх мэндийн баяр" уртын дууны улсын уралдааныг ирэх 4 дүгээр сарын 4, 5-ны өдөр Мандалговь хотноо зохион байгуулна. 

Тус уралдаан монгол түмний дууны урлагийн гайхамшиг, дэлхийн биет бус өв болох монгол уртын дууг өвлөн дэлгэрүүлэх, сурталчлах, ахмад уртын дуучдаа алдаршуулах, залуу уртын дуучдын авьяас чадварыг нээн илрүүлэх, уртын дуучдын ур чадварыг дээшлүүлэх зорилгын дор зохион байгуулж байгаа ажээ.                           

"Энх мэндийн баяр" уртын дууны улсын уралдаан нь ирэх наймдугаар сарын 9-11-нд Их газрын чулууны Байгалийн  Задгай театрт болох "Уяхан замбуутивийн наран" ардын урлагийн их наадмын өмнө зохион байгуулж байгаагаараа онцлог.

Учир нь тус аймгийн ЗДТГ-аас “Ардын урлагийн их наадам”-ын үеэр 3000 морин хуурч, уртын дуучийн тоглолтыг үзүүлэхээр зорилт тавиад ажиллаж байгаа юм.

"Энх мэндийн баяр" уртын дууны улсын уралдааныг аймгийн ЗДТГ, БСУСГ, Өлзийт сумын ЗДТГ, тус сумын Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулна. 

Холбоотой мэдээ