“Мянган Ээжийн баяр” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-09 21:05:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Мянган ээжийн баяр”-ыг 1995 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

24 дэх жилдээ зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагааны үеэр Дархан хотыг бүтээн байгуулахад гар бие оролцон манлайлан ажиллаж байсан үе үеийн Шилдэг ээжүүд болон улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж, үр хүүхэд, ач зээ нартайгаа өнөр өтгөн амьдарч байгаа буянтай сайхан буурлууд, ажилсаг тэргүүний эмэгтэйчүүд, хойч үеийг залгамжлан яваа охид бүсгүйчүүдээ алдаршуулан шагнадаг ажээ.

“Мянган ээжийн баяр”-ын гол утга учир нь тухайн жилдээ болон үр хүүхдээ эрүү саруул өсгөн бойжуулсан, энх тунх амьдарч буй ээжүүдийг өргөмжлөн алдаршуулах юм. Энэ өдөр Буянтай ээж, Ачлалт ээж, Энэрэнгүй ээж зэрэг 9 номинациар тодорхой шалгуурыг үндэслэн тодруулж шагнан урамшуулдаг.

Мөн баярын хүрээнд Дархан-Уул аймгийн Найрамдлын Дархан тэмдгээр 4, аймгийн Тэргүүний ажилтнаар 2, аймгийн Засаг даргын жуух бичгээр 4, Дархан сумын Засаг даргын жуух бичгээр 6, Монголын Эмэгтэйчүүдийн хүндэт тэмдгээр 4, Буянтай ээжээр 17, Шилдэг ээжээр 6 ээж шагнагджээ.

Улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын түүчээ, өрх гэрийн өнгө төрх болсон ээжүүд, эмэгтэйчүүдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын 109 дэх өдрийн мэндийг Аймгийн эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Цэвэлмаа хүргэж байлаа.

Холбоотой мэдээ