Вокзал орчимд гар дээрээс худалдаа эрхлэгчид шинэ худалдааны төвд орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-22 15:43:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 4 дүгээр баг Дархан–Өртөөний дэргэд хүнсний ногоо, цагаан идээний төвлөрсөн Худалдааны төв байгуулагдаж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлууд ерөнхийдөө хангагдсан гэдгийг Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс мэдэгдлээ.

Тус худалдааны төвд ажиллах иргэдийн бүртгэлийг нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд хийжээ. Энэ хүрээнд Дархан сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дууссан байна.

Нийт түрээслэгчдийн 50 хувийн квотыг вокзалын дэргэд төв зам дагуу гар дээрээс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ худалдан борлуулж байсан иргэдэд өгчээ. Харин үлдсэн 50 хувийн квотыг Дархан сумаас 20, Орхон, Хонгор, Шарын гол сумаас тус бүр 10 иргэнийг хамруулахаар болж нийт түрээслэгчдийн 77.5 хувьтай нь гэрээ байгуулсан тухай аймгийн Ахмадын хорооны дарга Д.Цэрэндаваа мэдээлэв.

Төвлөрсөн зах шиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болно. Урд өмнөх жилүүдэд энэ тус хэсэгт иргэд гар дээрээс худалдаа эрхэлдэг байсан тул ийнхүү эрүүл, ахуйн шаардлага хангасан тохилог дулаахан газарт үйлчилгээ явуулах нөхцлийг бүрдүүлсэн нь энэ юм.

Дашрамд худалдааны төвийн үйл ажиллах, арчлалт, хамгаалалтын талаар нэгдүгээр сард Дархан сумын ЗДТГ, ХХҮГ, Ахмадын хороо гурвалсан гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу худалдааны төвийн үйл ажиллагааг жигдрүүлэн авч явах, түрээслэгчдийг сонгон шалгаруулах үүргийг Ахмадын хороо гүйцэтгэхээр болсон ажээ.

Холбоотой мэдээ