Модон хувингийн захиалга цагаан сарын өмнө ихэсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-02 12:46:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ТЭББЭ ХХК-нийн үйлдвэрлэдэг модон хувингийн захиалга цагаан сар болохын өмнө нэмэгддэг байна. Тус компанийн үйлдвэрлэдэг модон хувинг зөвхөн манай аймгийн төдийгүй зэргэлдээх аймгаас ч захиалга ирдэг ажээ.

Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн ЗДТГ-аас малчиддаа бэлэг болгон өгөхөөр 200 ширхэг саалийн хувин захиалж хийлгэсэн байна. 

Монголчууд эрт цагаас модон хувинд сүү саалиа хадгалж, цагаан идээгээ боловсруулдаг уламжлал мартагдах тийшээ хандаж, сүүлийн жилүүдэд хуванцар савыг ихээр хэрэглэдэг болсон.

ТЭББЭ ХХК 2014 оноос эхлэн иргэд, ялангуяа малчдыг хуванцар савнаас татгалзаж, хүний биед хор нөлөөгүй, ус, сүү, айраг, цагаан идээ хийхэд тохиромжтой чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг болгох зорилгоор саалийн, сөнгийн, усны гээд 6 төрлийн бүтээгдэхүүнийг нарс модоор том, жижиг, дунд хэмжээтэй үйлдвэрлэж байгаа ажээ.


Тус үйлдвэр нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ цавуу, будаг, лак ашиглалгүй шахаж хийдэг тул хагсдаггүй, хүний биед  хор нөлөөгүй байдаг онцлогтой юм.

Эдний хувингууд энгийн, мөнгө, зэс, гуулин бүслүүрэн гоёлтой гээд гоёл чимэглэл, хэмжээнээсээ хамааран янз бүрийн үнэтэй байдаг ажээ. Тухайлбал: Сөнгийн хувин багтаамжаасаа хамааран 230.000-500.000, 6 литрийн багтаамжтай саалийн хувин 80.000, 60-70 литрийн багтаамжтай гоёлтой том усны хувин 450.000, гоёлгүй нь 250.000 төгрөгийн үнэ тэй байна.

Холбоотой мэдээ