"Банкны хөгжил -95 жил” аян Дундговь аймагт өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-31 14:14:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад банкны салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойг угтаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар өрнүүлж байгаа "Банкны хөгжил-95 жил” аяныг Дундговь аймагт  нэгдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор нээлээ.

Аяны нээлтэд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны ХАС, Капитал, ХААН, Төрийн банкны удирдлагууд, ажилтнуудын төлөөлөл болон татвар, НДХ, статистик, Төрийн сангийн хэлтсийн удирдлагууд оролцжээ.

6 дугаар сар хүртэл үргэлжлэх энэхүү аяны хүрээнд Хаан банкнаас төв салбартаа болон Дэрэн, Цагаандэлгэр,  Сайнцагаан тооцооны төвд их засвар хийх бол Төрийн банк Адаацаг сумын тооцооны төвийн барилгад их засвар хийж, Эрдэнэдалай суманд тооцооны төвийн шинэ барилга барин автомашин болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх ажээ.

Аян хэрэгжих хугацаанд банкны түүхэн хөгжлийг харуулсан зурагт сэтгүүл гаргах, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах, банкны салбарын ахмад тэргүүний хүмүүсийн амжилт бүтээл, замналыг сурталчлан алдаршуулах, иргэд, үйлчлүүлэгчдээ идэвхжүүлэх олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах ба Дундговь, Говьсүмбэр аймгуудын банкны ажилтнуудыг чадавхжуулах, идэвхжүүлэх төрөл бүрийн уралдаан тэмцээн төлөвлөжээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр арилжааны банкны ажилтнуудад шинээр хэвлэгдэж гүйлгээнд гарсан 5000-тын мөнгөн тэмдэгтийн нууцлал болон шинээр гарсан зоосон мөнгөн тэмдэгтийг танилцуулж мэдээлэл өгсөн байна.

Монголбанкны Дундговь аймаг дахь салбар нь өөрийн аймгаас гадна Говьсүмбэр аймгийн арилжааны банкуудыг хариуцан ажилладаг ажээ. 

Холбоотой мэдээ