“Signature” үйлчилгээний шинэ нүүр царай тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2019-01-21 12:36:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр ХААН банкнаас “Signature” үйлчилгээнийхээ шинэ нүүр царай буюу брэнд элчээр спорт, боловсрол, урлаг, иргэний нисэхийн салбарт амжилттай яваа, бусдад үлгэр дуурайлал болсон залуусыг тодруулж олон нийтэд танилцууллаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Морин хуурын чуулгын удирдаач, морин хуурч Н.Жигжиддорж, “МИАТ" ХК-ийн “Бойнг” агаарын хөлгийн дарга Б.Өнөбат, “Q Education group”-ийн ерөнхий захирал Ц.Алтансор нар 2019 онд “Signature” үйлчилгээний нүүр царайгаар сонгогдсон байна.

ХААН банкнаас ирээдүйн амжилт өөд тэмүүлэгч, манлайлагч залуусын “нэрийн хуудас” болсон “Signature” үйлчилгээг нэвтрүүлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, салбар бүрт амжилттай ажиллаж буй манлайлагч, удирдагч эрхмүүдийн амьдралын хэв маягт тохирсон банкны энэхүү цогц үйлчилгээ өдгөө хэдийнэ олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг үйлчилгээ хэмээн үнэлэгдэж байна.



“Signature” үйлчилгээ хэрэглэгчдэдээ олон давуу талыг санал болгодгоос гадна хамтдаа бүтээх сайн үйлсэд уриалж, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг эрмэлздэг. Тус ёслолын үеэр, ХААН банк “Signature”харилцагчидтайгаа хамтран 2019 оны турш “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон-2” төслийг дэмжин ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Мөн ХААН банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2019 онд “Signature” үйлчилгээнээс олсон орлогоос нийгэм улс оронд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах томоохон ажлуудыг Цагдаагийн байгууллагатай хамтран зохиохоор төлөвлөж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.


Ж.Болор


 

Холбоотой мэдээ