Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-17 18:04:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд томуу, томуу төст өвчний тархалт ихэсч, уушигны хатгалгаа өвчний гаралт нэмэгдэн, аймгийн Нэгдсэн  эмнэлгийн ачаалал хүндэрсэн учраас тус сумын Засаг даргын А/34 тоот захирамжаар сургууль, цэцэрлэгүүдийг 2019 оны 1 дүгээр сарын 17-ноос 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хаах шийдвэрийг гаргалаа.

Сумын эмч нарын үзлэгийн дүнгээс харахад өвчний тархалтын байдал 15,65 хувьд хүрсэн байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдээ асран хамгаалах, тус өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр асрах шаардлагатай эцэг эхчүүд, асран хамгаалагчид нь эмчийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөө олгохыг төрийн байгууллагуудад даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудыг уриалсан байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн төвийн 5 сургуулийн сурагчдын амралт үргэлжилж, харин МСҮТ, 7 цэцэрлэг хичээллэж байсан бөгөөд маргаашнаас эхлээд цэцэрлэгийн хүүхдүүд гэрийн асаргаанд байхаар болж байна.

Харин сургуулиудын хичээл 1 дүгээр сарын 22-ны өдөр орох байсан бол ийнхүү хойшлогдож байгаа бөгөөд энэ хугацаанд аливаа үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газар ажиллуулах, уралдаан тэмцээн зохион байгуулахыг дээрх захирамжаар хориглож байгаа ажээ. 

Холбоотой мэдээ