ОБЕГ-аас хоёр сая гаруй хүнд урьдчилан сэргийлэх мэдээ хүргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-03 16:38:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багц мессэж”  үйлчилгээгээр үүрэн телефоны 4 оператороор дамжуулан нийт 2 сая 345 мянган иргэнд цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болохтой холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ хамтран дээрх арга хэмжээ болон хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулав.

Мөн ард иргэд, АНН байгууллагуудыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас үүрэг чиглэл өгч, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн засаг даргын захирамжаар орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэрийг гарган ажилласан.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийт нутгаар салхи секундэд 18-26 метр хүртэл ширүүсч, цасаар шуурч, 0-9 мм тунадас орсон бөгөөд дээрх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр салхи шуурганд төөрсөн, сураггүй болсон, хөлдөж, осгосон, цасанд боогдсон, малтайгаа уруудсан зэрэг хүндрэл орон нутагт гараагүй байна.

Холбоотой мэдээ