Маргаашаас эхлэн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-05 12:54:46

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг энэ сарын 6-наас эхлэн 24-ний өдөр хүртэл хугацаанд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан 2016 оны Цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явуулахад бэлэн болсон байна. Дүүргүүд цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах юм. Мөн албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион  байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангаж, тоо бүртгэлийн ажилд хяналт тавьж ажиллах зэргээр бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар дүүргүүдийн цэргийн штабын дарга нар танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар цэргийн үүрэгтний бүртгэлийг зохион байгуулахдаа хуулиа дээдлэх, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх, иргэн цэргийн  үүргээ биелүүлэх бүхий л боломжийг хангаж ажиллах, тоо бүртгэлийн явцад нэмэгдсэн иргэдийн мэдээллийг мэдээллийн санд үнэн зөв, бүрэн оруулах, оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргах, мэдээллийн аюулгүй байдал, нууцын журмын чанд мөрдөж ажиллах үүрэг өгөв. 

Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний болон цэргийн үүргээ биелүүлэхийг иргэдэд уриалж байна. 

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ