Ашиг, шимт малын үзэсгэлэн худалдаа анх удаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-13 20:49:47
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дарханчууд анх удаа малын үүлдэр угсааг сайжруулах, чанаржуулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзэсгэлэн худалдааг Хонгор суманд зохион байгууллаа. Үзэсгэлэнд Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын 32 малчин 213 толгой мал, тэжээвэр амьтнаар оролцсон байна.

Үзэсгэлэнд оролцсон нийт таван хошуу мал, тэжээвэр амьтнаас 32-ийг нь дуудлага худалдаанд оруулсан аж. Тус үйл ажиллагааны үеэр мал аж, ахуйн үйлдвэрлэл явуулдаг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж худалдан борлууллаа.

Цаашдаа малын тоог чухалчлах бус чанарт анхаарч малын үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хөгжүүлэхээр мэргэжлийн байгуулга болон эрдэмтэн, докторуудтай хамтран ажиллаж байгаа талаар тус үзэсглэгэлд оролцсон аймгийн засаг дарга С.Насанбат нээлтийн үгэндээ онцолсон.

Гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаа жил бүр үргэлжлэн явагдах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс цаашдаа төвийн бүсийн аймгуудын малчдыг татан оролцуулж үзэсгэлэн худалдаагаа өргөжүүлэх ашиг орлогоо нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулахад нэмэр болно хэмээн малчид ярьж байлаа.
Энэхүү үйл ажиллагаа нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын нэг ажил  юм. Тус зорилтын хүрээнд “Гойд ашиг шимт мал шалгаруулах” дээрх үзэсгэлэн худалдаа явуулжээ. Энэхүү үзэсгэлэн худалдааг Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн хүнс, хөдөө, аж ахуйн газар, Малын удмын сангийн үндэсний төв, Хонгор сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумыг Монгол Улсын Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор Тариалангийн бүс нутаг болгон зарлаж эрчимжсэн мал аж ахуйг үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэхээр болсон юм.

 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ