ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн МАА-г хөгжүүлэх асуудлыг анхаарна гэлээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг нийт 8278 малчинтай, 4679 малчин өрхтэй, 9541 мал бүхий өрхтэй. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 1.5 сая мал тоологдсон. Энэ нь тариалангийн гол бүс нутагт малын хөлийн даац даруй гурав дахин нэмэгдсэнийг харуулж байгаа тоо юм. Иймээс газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийг бүхэлд нь “Эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг” болгох хүсэлтийг аймгийн удирдлагууд Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Ингэснээр малчид, тариаланчдын зөрчил арилж, зорилго нэг болох аж. Нөгөө талаар тариаланчид хөрсөө хамгаалах, үржил шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор сэлгээний ургамал тариалж, тэжээл бэлтгэдэг ч борлуулалт байхгүйгээс бас л асуудал үүсч байгаа аж. Иймээс Сэлэнгэ аймгийн хувьд эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлбэл тариаланчид тэжээл нийлүүлэх бүрэн боломж бий болох юм. Үүнийг төрөөс бодлогоор зохицуулж өгөхийг Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайдаас хүслээ.  
2183 өдөр