Дээд шүүхийнхэн Эрүүгийн шинэ хуулийг тайлбарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-07 18:10:48

Улсын Дээд шүүхийн шүүгчид өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн тухайд тайлбар өглөө. 

Уг хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан шүүгч нар ярихдаа, ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийг боловсруулахдаа Эрүүгийн хуулийн сайн зохицуулалтыг уламжлан авч үлдэхээс гадна дэлхийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болоод Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтад нийцүүлжээ. Тухайлбал, Монгол Улс цаазаар авах ялыг халах Олон улсын гэрээнд нэгдсэний хувьд энэ ялыг халсан. Авлигын эсрэг НҮБ-ийн конценцэд заасан агуулгаар авилга, албан тушаалтанд холбогдох хэргийг томьёолсон байна. Ял шийтгэлийн хувьд уламжлалт хорих, торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах зэрэг ялыг шинээр нэмснээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой албадлагын арга хэмжээний төрлийг шинээр хуульчилсан аж. Шинээр орсон бас нэг чухал зохицуулалт бол гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргээс нь хамааран ялаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлж оногдуулах заалтыг хуульчилсан байна. Ингэснээр дийлэнх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой, шүүхийн ачааллыг бууруулна.

Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцож, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн ангиллыг хуулиас хасаж, зөвхөн гэмт хэргийн шинж чанар буюу үйлдлээр нь гэмт хэргийг тодорхойлдог болжээ. Өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын хууль болон Эрүүгийн хуульд ижил үйлдэлд захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэрэг гэсэн давхардсан стандартууд тогтоосныг үгүй болгож, гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргасан этгээдэд хүлээх хариуцлага тодорхой болсон байна. Өмнөх хуульд байсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэх мэт гэмт хэргийн ангиллыг хуулиас хасаж, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол барагдуулсан эсэхээс шалтгаалан ял, албадлагыг ялгавартайгаар хэрэглэх боломж бүрджээ.Мөн ялын шинэ төрлүүдийг бий болгож, хорих ялын доод хэмжээг бууруулснаар /7 хоногоос нэг сар/ яллагдагчийн засрал хүмүүжлээс шалтгаалан ялын хэмжээг уян хатан байлгахаар зохицуулсан байна. “Нэг хэргийн улмаас хоёр удаа ял шийтгэхгүй” гэдэг хуулийн үндсэн философийн дагуу давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халжээ. Түүнчлэн хөнгөн ялыг хүндэд багтаадаг байсныг халж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оноохоор болсон аж. Мөн гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, хүүхдийн ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар сольсон байна. Түүнчлэн “эрүүгийн хариуцлага” гэсэн ерөнхий ойлголтыг “ял”, “албадлагын арга хэмжээ” хэмээн тусад нь зааж өгчээ. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсантай холбоотойгоор өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болгож, салбарын хуулиудад орсон давхардсан заалтуудыг Эрүү, Зөрчлийн хуулиар зохицуулахаар болжээ.

Бэлтгэл ажил хангахтай холбогдуулан УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын нэгний өдрөөс  хэрэгжүүлэхээр болсон байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ