А.Овечкин хандивын аяныг санаачилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-02 16:41:52

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 2. /ТАСС/. Телевизийн ESPN сувгаас санаачилсан шагналын эзнийг тодруулах сунгааны сүүлчийн шатанд Үндэсний хоккейн лигийн “Вашингтон” багийн ахлагч Александр Овечкин шалгарчээ.


Домогт боксчин Мохаммед Алигийн нэрэмжит уг шагналын сунгаанд Овечкиноос гадна Америкийн эмэгтэй теннисчин Слоан Стивенс, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нью-Орлеан” багийн тоглогч Си Жей Макколум нар тунаж үлдээд байна.


“Sports Humanitarian Awards шагналыг гардуулах 11 дэх удаагийн ёслол бол нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхийн тулд спортын үр өгөөжийг ашиглаж буй тамирчид, багууд, лигүүд, спортын салбарын төлөөлөгчдийг алдаршуулах ёслол юм. Хүмүүсийг нэгтгэж, тэдэнд итгэл найдварыг бэлэглэж, бодитой өөрчлөлтүүд хийхэд тус дөхөм үзүүлдэг спортын гүн гүнзгий соёлоор бид бахархаж байна” гэж ESPN сувгийн мэдээлэлд дурджээ.  


Өнгөрсөн улиралд А.Овечкин NHL-ийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оруулсан гоолынхоо тоогоор Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн тогтоосон дээд амжилтыг /894 шайб/ эвдсэн билээ. Тэрбээр нойр булчирхайн хорт хавдрын судалгаанд мөнгө хандивлах аянд идэвхтэй оролцдог бөгөөд 885 дахь гоолоосоо эхлэн оруулсан бүх шайбныхаа шагналын мөнгийг буяны үйлсэд зориулж байгаа ажээ. Тодруулбал, 890 дэх гоолоо оруулсан бол 890 доллар хандивлах гэх мэтчилэнгээр хоккейчны замналаа дуустал хандивын аянд оролцох юм.


Өнөөдрийн байдлаар Овечкины санаачилгын хүрээнд 150 мянга гаруй ам.доллар цуглараад байна. 

Холбоотой мэдээ