Өршөөлийн хуульд хамарсан 1930 хоригдол суллагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлсын дээд шүүхээс өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгийн мэдээлснээр Өршөөл үзүүлэх тухай хуульд нийтдээ 1930 хоригдол хамрагдаж суллагджээ. Өршөөлийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх /4.1.Гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн дор дурдсан ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ…/ заалтаар 1252 хоригдол өршөөгджээ. Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1.2 5.1.2. онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг./ дахь зүйл заалтаар 1760 хоригдлын материалыг хэлэлцсэнээр 678 хоригдол шууд суллагджээ. Нийтдээ хориход ял эдэлж байсан 1930 хоригдол Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байна. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байсан 312 хүн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас хорих ял 119 хүн, албадан ажил хийлгэх 63, баривчлах 130 хүн тус бүр чөлөөлөгджээ. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалтаар анхан шатны шүүхээс 284 хүний эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Өршөөгдсөн хоригдлуудыг нас, хүйсээр нь авч үзвэл: Насанд хүрээгүй хүн – 11, эмэгтэй – 87, эрэгтэй 1165 байна. Гэмт хэрэг үйлдсэн тоогоор бол анх удаа гэмт хэрэг үйлдсэн – 701 хүн, хоёр дахь удаа гэмт хэрэг – 308 хүн, гурав болон түнээс дээш удаа гэмт хэрэг – 243 хүн байлаа. Гэмт хэргийг төрлөөр: Хулгай – 693, Залилан – 99, Бусдын итгэмжлэн өгсөн хөрөнгийг завших – 38, Албан тушаалын гэмт хэрэг /Хээл хахууль өгсөн/ - 1, Мансуурах гэмт хэрэг – 9 байх жишээтэй.
Одоогоор зөвхөн хориход ял эдэлж байгаад суллагдсан иргэдийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тоо судалгааг гаргажээ. Харин бүх шүүх байгууллагуудын Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлсэн эцсийн мэдээ энэ сарын 25-нд алба ёсоор гарна гэдгийг Дээд шүүхийн шүүгчид хэллээ.
Ж.Батсайхан