Шүүгч Т.Уранцэцэг, Ч.Хосбаяр нар Олон улсын эрүүгийн шүүхийн чуулганд оролцлоо

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-03 11:29:33

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант Улсын Гааг хотноо Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганд оролцоод ирсэн байна.

Чуулганы хуралдаанаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн үйл ажиллагааны ерөнхий тайлан болон Хохирлын сангийн захирлын зөвлөл, Чуулганы тэргүүлэгчдийн зөвлөл, Шүүхийн барилга, байгууламжийн хяналтын хорооны тайланг сонсож,  Хохирлын сангийн захирлын зөвлөлийн 5 гишүүн, Төсөв санхүүгийн хорооны 1 ажилтан, Шүүгчдийг нэр дэвшүүлэх зөвлөх хорооны гишүүдийг сонгосон байна. Мөн эзлэн түрэмгийлэх гэмт хэргийг Олон Улсын Эрүүгийн шүүхийн харьяалалд шилжүүлэх тухай Кампаллагийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай, Терроризмийн гэмт хэргийг Олон Улсын шүүхийн харъяалалд шилжүүлэхийн ач холбогдлын тухай, Хүний эрхийн ноцтой зөрчлийн эсрэг тэмцэх, эдгээр хэргүүдийг илрүүлэх, шүүн таслахад иргэний нийгмийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх тухай зэрэг анхаарал татсан асуудлуудыг салбар хуралдаануудаар авч хэлэлцжээ. Түүнчлэн Олон Улсын Эрүүгийн шүүх дэх өмгөөллийн үйл ажиллагааг бэхжүүлэх, бие даасан байгууллага байгуулах санаачлагыг дэмжих, тус шүүхийн харьяаллын хэргүүдийг шүүн таслах, ял оногдуулах үндсэн стандарт тогтоох, Олон Улсын Эрүүгийн шүүхийн болон гишүүн улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ч ярилцжээ.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганы хуралдаанаас Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн  Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар өөрийн оронд хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд үнэтэй санаа, зөвлөмжийг авчирсан байна.

 Монгол Улс Ромын Дүрмийг  2002 онд  соёрхон баталж, ОУЭШ-ийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан. Одоогоор 123 улс Ромын дүрмийн гишүүнээр нэгдээд байна. Гишүүн орнууд нь Ромын дүрмээр “төрлөөр устгах, хүн төрөлхтөний эсрэг, дайны, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг” үйлдсэн этгээдийн хэргийг дотооддоо шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхэд уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ