Дорнод аймагт шатахууны үнэ 30-210 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-02 15:41:08
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд шатахууны үнэ 30-210 төгрөгөөр, харин сумдад 50-100 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, дизель түлш 1810-аас 2020 төгрөг, АИ95 шатахуун 1920-иос 2000 төгрөг, А80 шатахуун 1570-аас 1640 төгрөг, АИ92 шатахуун 1680-аас 1750 төгрөг болж өсөв.
Асуудлын гол нь саяхан АИ92, А80 шатахууны импортын онцгой албан татварыг тэглэж энэ төрлийн шатахууны үнэ нэмэгдэхгүй байх нөхцөл бүрдлээ гэж мэдээлж байсан. Гэтэл нефть импортлогчид ийнхүү орон нутагт шатахууны үнийг нэмж байна.
Угтаа нефть импортлогчдод онцгой албан татвар тэглэсэн шатахууны үнийг нэмэхгүй байх, дээрээс нь шатахууны хязгаарлалт хийхгүй байх мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авах эрх ШӨХТГ–т бий. Энэ талаар ШӨХТГ-ын Дорнод аймаг дахь улсын байцаагчаас тодруулахад, орон нутагт шатахууны үнэ нэмсэн асуудлаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ.
Тус аймагт нефть импортлогч найман аж ахуй нэгжийн 20 гаруй шатахуун түгээх станц хэрэглэгчдэд үйлчилж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ