Завханы хүүхэд бүр удахгүй бишгүүр хөгжмийг тоглож сурна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завханы Алдархаан сумын дунд сургуулийн хөгжмийн кабинетийн хүүхдүүд ирэх сард бишгүүр хөгжмийнхөө тайлан тоглолтыг хийх гэж байна. Тус кабинетийг Алдархаан сумын уугуул хөгжмийн багш Ю.Дэлгэрнасан багшийн санаачилга хөөцөлдлөгөөний дүнд Дэлхийн банкны санхүүжилтээр өнгөрсөн жил байгуулсан билээ.
Тэгвэл өнгөрсөн жил 62 ширхэг орчин үеийн бишгүүр хөгжмийг хүлээн авсан тус сургуулийн хүүхдүүд тус хөгжмөөр зургаан сарын турш тоглож сурснаа тайлагнах гэж байгаа ажээ. Тайлангаа эхний удаад сумандаа тавьж улмаар Улиастайд ирж бишгүүр хөгжмийн тоглолтыг үе тэнгийнхэндээ үзүүлэх юм байна. Дашрамд анх бишгүүр хөгжим бэлэглэж байсан Ю.Дэлгэрнасан багш Улаанбаатар хотод Глобал ОУ-ын дунд сургуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Завханд төдийгүй, Монгол Улсад морин хуур хөгжмийг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ажээ. Анх Алдархаан сумандаа хүүхдүүдэд морин хуур хөгжмийг зааж хамтлаг байгуулан улмаар аймгийнхаа 24 сум сургуулийн 3000 орчим хүүхдүүдэд морин хуур хөгжмийг сургах давалгааг эхлүүлэн амжилттай сургажээ. Үүний үр дүнд Монгол Улсад Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойгоор 2222 морин хуурч хүүхдийн тоглолтыг үзүүлж байсан билээ. Тэгвэл удахгүй Завханы хүүхдүүд бишгүүр хөгжмийн бүрэн тоглолтыг үзүүлэх хэмжээнд хүрнэ хэмээн Алдархаан сумын сургуулиас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн