Төмөр замын шилжүүлэн ачих өртөөг "Хөөт"-ийн уурхайн орчимд байгуулах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-24 16:51:50
Дорнод /МОНЦАМЭ/. "Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил" зөвлөлдөх уулзалт нийслэл хотноо болов. “Монголын төмөр зам” ТӨХК-иас зохион байгуулсан дээрх уулзалтад Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, тус аймгийн зүгээс хэд хэдэн саналыг дэвшүүлжээ. Тухайлбал, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-д заагдсаны дагуу шилжүүлэн ачих зангилаа өртөөг Дорнод аймгийн Матад сумын нутагт "Хөөт"-ийн уурхайн орчимд байгуулах саналтайгаа илэрхийлсэн байна. Энэ нь эдийн засгийн хувьд хамгийн оновчтой байршил гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталсантай холбогдуулан тус төмөр замын трассын Хэрлэн сумын нутаг дахь хэсгийг дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нягт уялдуулан шинэчлэх, мөн төмөр зам барихдаа байгаль орчны тэнцвэрт байдал, мал, ан амьтан, ургамлыг хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдөх гэсэн саналуудыг дэвшүүлэн тавьсан байна. 
2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд “Эдийн засгийн коридор” байгуулах шийдвэрт хүрч, энэ хүрээнд хэрэгжих хөтөлбөрүүдийг баталсан. Энэ дагуу 32 төсөл хэрэгжүүлэхээр зааснаас долоо нь төмөр замын төсөл юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах талаар тусгаснаас гадна “Хөгжлийн зам” хөтөлбөрт Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг багтаасан байдаг. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор урд, хойд хөршийн төмөр замын сүлжээтэй холбогдож, транзит тээвэр хөгжих, ажлын байр нэмэгдэх, дэд бүтцийг дагаад аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар хөгжих, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дахь ХАА-н бүтээгдэхүүн, ашигт малтмалын орд газар эдийн засгийн эргэлтэд орох зэргээр улс орны болоод зүүн бүс нутгийн хөгжилд түлхэц өгөх ач холбогдолтой юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ