Булган аймаг тамирчдаа 39,9 сая төгрөгөөр урамшуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ онд амжилт гаргасан тамирчдаа 39,9 сая төгрөгөөр урамшуулахаар боллоо. Тус аймгийн харьяат тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 6, тивийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнээс 8, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 115, дасгалжуулагч 9 медаль хүртсэн байна.
Эдгээр тамирчид, багш, дасгалжуулагчид “Олимп, дэлхий, тив, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медальт байранд шалгарсан тамирчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 60,0 мянгаас 10,0 сая хүртэл төгрөгийн шагнал хүртэх юм.
Мөн үндэсний бөхийн улсын цол хүртсэн заан Н.Түвшинбаяр, начин Д.Тамир, Б.Бат-Эрдэнэ нарын амжилтыг энэ журамд зааснаар үнэлэн тухайн үед нь урамшуулсан билээ.
Энэ жил амжилт гаргасан тамирчдын урамшууллыг хүндэтгэлийн ёслол зохион байгуулан гардуулна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.Отгонсувд хэллээ.
М.Батжаргал